Ховд аймагт шахмал түлшний үйлдвэр ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
norovsambuu@montsame.mn
2016-01-29 02:06:20

Ховд аймгийн Жаргалант сумын төвөөс алслагдсан Бичигт багт "Номин шилтгээн" констракшн ХХК  Шахмал түлшний үйлдвэр байгуулж  ашиглалтад орууллаа.

Номин шилтгээн констракшн ХХК нь 2014 онд хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар 2015 оны газар зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, хогийн цэг байсан талбайг өөрийн хүч хөдөлмөрөөрөө цэвэрлэсэн хувь хүн, компани, аж ахуйн нэгжид үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гэсэн  шийдвэр гаргасан юм. 

Аймгийн ИТХ-ын шийдвэрээр элэгдэж, доройтсон, ашиглалтгүй орхисон газрыг эргэн сэргээсэн иргэнд олгох шийдвэр биеллээ олж Жаргалант сумын иргэн Б.Батболд Ховд аймгийнхны нэрлэдгээр “Хогийн хар“ буюу  хогийн цэг байсан талбайгаас нийт 5,8 га талбайг цэвэрлэж, үүнийхээ 2 га-д нь шахмал түлшний үйлдвэр байгуулжээ.

Орон нутагт шахмал түлшний үйлдвэр байгуулах хэрэгцээ шаадрлага тулгамдсан асуудлын нэг байж ирсэн юм. Ховдын гэр хорооллын иргэд ойр орчмын уул, толгодын харгана, бут, шаваг шарилжийг түлшинд хэрэглээд дууссан гэж хэлэхэд хилсдэхгүй.

Үүний баталгаа нь хавар, намар хүчтэй шороон шуурга шуурч, газар бэлчээр цөлжөөд байгаа юм.

Аймагтаа шахмал түлшний үйлдвэртэй болсноор агаарын бохирдлыг бууруулахад нөлөө үзүүлээд зогсохгүй байгальд ээлтэй олон үр дагавар гарч ирэх боломж бүрдэж байна. Тус үйлдвэр 50 кг-ын уутанд савласан шахмал түлшийг хэрэглэгчдэд нийлүүлэхээр үйлдвэрлэж эхлээд байна.

  А.Бямбасүрэн

      

Связанные новости