Нэмэгдэл өвс, тэжээл хуваарилахыг Улсын онцгой комиссоос хүсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-28 23:01:24

Дундговь аймгийн Засаг дарга өнөөдөр Улсын онцгой комиссын хуралдаанд оролцон өвөлжилтийн нөхцөл байдлыг танилцуулж, өвс тэжээл нэмж авах талаар хүсэлт өгсөн байна.

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад Улсын онцгой комиссоос хуваарилсан үнэ чөлөөлсөн өвснөөс Дундговь аймагт 100 тн өвс ногдсон. Үүн дээр нэмж 400 тн өвс, 100 тн тэжээл хуваарилахыг тэрээр хүсэлтдээ дурьджээ.

Он гарсаар Дундговь аймгийн нутгаар 4 удаа цас орж, олон хоног шуурсанаар цас хатуурч зузааран мал бэлчих боломжгүй болоод байгаа юм. Тиймээс малчид малаа хотонд нь тэжээж эхэлсэн тул өвс, тэжээлийн хэрэгцээ ихэсчээ.

Улсын Онцгой комиссоос хуваарилсан 100 тонн өвс дээр аймгийн Онцгой комисс  аюулгүйн нөөцөд 2- 3 жил хадгалагдаж байгаа 200 тн өвс, 100 тн тэжээлийн үнийг чөлөөлөөд байгаа юм. Гэвч аймгийн 15 сумын  8  нь зудтай, 6 сум зудархуу байгаа ийм нөхцөлд  дээрхи тооны өвс хүрэлцээ муутай тул  нэмэгдэл өвс, тэжээл зайлшгүй шаардагдаж байгаа ажээ.

Одоогийн байдлаар тэжээл дутмаг, хэт хүйтэн байгаагаас шалтгаалан ямаа, гүү хээл хаяж, бага мал дарагдаж үхэх зэргээр 2 мянга гаруй бог мал хорогдоод байна.  

Т. Отгонтуяа

Связанные новости