Залуучуудыг дэмжих жилийн нээлтийг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 22:15:55

2016 оныг Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 сарын 5-ны өдрийн тогтоолоор Залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарласан билээ. Жилийн ажлын нээлтийн арга хэмжээг 1 сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн зорилтот жилийн нээлтийг хийж хэлсэн үгэндээ “Бид нийгмийн бүхий л салбар дахь асуудлаар залуучуудын дуу хоолойг сонсож, тэдний гаргасан санал санаачилгыг дэмжиж, хэрэгжүүлэлтийн шатанд тэдний бодит оролцоог бий болгох, залуучуудын төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжих, тэдэнтэй хамтран ажиллах талаар анхаарч ажиллах болно. Залуучууд та бүхэн аймгийн залуучуудын хөгжлийн бодлогод хувь нэмрээ оруулна гэж найдаж байна” хэмээсэн юм.

Нээлтийн арга хэмжээгээр Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн, Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын танхимын эрхлэгч, доктор, проффессор Б.Оюун-Эрдэнэ, Монголын Лектор төвийн сургагч багш Ү.Амарбат нар залуучуудад зориулж, хувь хүний ёс суртахуун, гэр бүлийн үнэ цэнэ, залуучуудын оролцооны талаар сонирхолтой илтгэлүүд тавьлаа.

Дашрамд дурдахад 2015 оны жилийн эцсийн байдлаар аймгийн хүн ам 112774 байгаагаас 36,8 хувь буюу 41478 нь 15-35 насны залуус байна. Төрийн албанд 5204 хүн ажиллаж байгаагийн 56,7 хувийг 20-40 насны залуус эзэлж байгаа бол 28,4 мянган малчны 10,8 мянга нь 16-35 насны залуу малчид байна.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Связанные новости