Пиночетын дэглэмийн үед амиа алдагсдын ар гэрт нөхөн төлбөр олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-27 14:59:24

МОСКВА. /RIA Novosti/. Дарангуйлагч асан Аугусто Пиночетын дэглэмийн үед амиа алдсан хүмүүсийн төрөл төрөгсдөд 1.3 сая долларын нөхөн төлбөр олгохыг Чилийн Дээд шүүх улсдаа үүрэг болгосон тухай “La Jornada en Linea” сонинд мэдээлжээ.

Дээрх мөнгийг 1973, 1974 онд сураггүй алга болсон болон амиа алдсан дөрвөн хүний гэр бүлд хуваан олгох аж. Хамгийн их хэмжээний мөнгийг буюу 975 мянган долларын нөхөн төлбөрийг Чилийн төр засаг 1973 оны 10 дугаар сард Парраль хотоос холгүй сураггүй алга болсон Мигель болон Хильберто Рохас нарын төрөл төрөгсдөд төлөх аж. Үүнээс нэг жилийн дараа сураггүй алга болсон сөрөг хүчний өөр хоёр төлөөлөгчийн гэр бүлд  272 мянга болон 16 мянган долларын нөхөн төлбөрийг тус тус олгоно.

Генерал Аугусто Пиночет 1973 оны есдүгээр сард Чилид цэргийн эргэлт хийж, төрийн эрхэнд гарсан бөгөөд бүр 1990 онд иргэний засаглалд шилжүүлэн өгсөн юм. Албан ёсны мэдээллээр, Пиночетыг төр барьсан он жилүүдэд Чилид улс төрийн сэдлээр бараг 3200 хүнийг хөнөөсөн бол 1200 орчим хүн сураггүй алга болж, 28 мянга орчим хүн эрүү шүүлтэд өртжээ. Пиночетэд эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч тэрбээр 2006 онд нас барсан байна.

Д.Жаргал

 

 

Связанные новости