Тайванийн тэргүүн маргаантай аралд айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-27 14:41:07

БЭЭЖИН. /RIA Novosti/. Албан тушаалаа удахгүй орхих гэж байгаа Тайванийн засаг захиргааны тэргүүн Ма Инзю нэгдүгээр сарын 28-нд буюу пүрэв гарагт Хятад болон бүс нутгийн хэд хэдэн орны хооронд газар нутгийн маргаантай байдаг Спартли бүлэг арлын нэг хэсэг болох Тайпин аралд айлчилна гэж “Ifeng” цахим хэвлэлд Тайванийн хэвлэлүүдийн мэдээллийг иш татан бичжээ.

Хятад болон бүс нутгийн хэд хэдэн улс болох Япон, Вьетнам, Филиппиний эрх баригчид Өмнөд Хятадын болон Зүүн Хятадын тэнгис дэх далайн хил хязгаар болон хариуцлагын бүсийн талаар санал зөрөлдөөнтэй байдаг. Филиппин, Вьетнам зэрэг зарим улс бүс нутгийн түгшүүртэй байдлыг улам даамжруулах зорилгоор АНУ-ын дэмжлэгийг зориудаар ашиглаж байна гэж Хятадын эрх баригчид үзэж байгаа аж.

Ма Инзю Тайванийн тэргүүний албыг хашсан хоёр жилийн хугацаанд Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай аралд анх удаа айлчилж байгаа энэ юм. Хэрэв цаг агаарын байдал таатай байвал айлчлалыг зохион байгуулна гэж мэдээлж байна. Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, түүний айлчлалын гол зорилго нь дийлэнх нь Тайванийн иргэд бөгөөд байгаль хамгаалагчид болох тус улсын оршин суугчдад баяр хүргэх аж.

Нэгдүгээр сарын 16-нд болсон Тайванийн засаг захиргааны тэргүүний сонгуульд сөрөг хүчний Ардчилсан дэвшилтэт намын нэр дэвшигч Цай Инвэнь ялж, тус арлын засаг захиргааны тэргүүнээр анх удаа эмэгтэй улстөрч сонгогдсон билээ.

Д.Жаргал

 

Связанные новости