Унгар улстай сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2016-01-27 11:24:49

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Унгар улсын Үндэсний хөгжлийн сайд Миклош Шистакийг өчигдөр буюу энэ сарын 26-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар үеэр Сайд Н.Батцэрэг: Хоёр улсын ерөнхий сайд нар уулзаж, хоёр орны харилцаа шинэ шатанд гарч байна. БОНХАЖЯ-ны сайдын зүгээс эн тэргүүнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс эрчим хүч гаргаж авахад өндөр хөгжилтэй орнуудын технологийн дэмжлэг авах хэрэгтэй байгаа. Хүлэмжийн хийг бууруулахаас гадна био массаа нэмэгдүүлэх, ойжуулалтын чиглэлээр цөлжилтийг бууруулах, ойг нэмэгдүүлэх зэрэг ажил дээр хамтран ажиллах боломжтой. Усны салбарт Унгар улстай эртний хамтын ажиллагаатай байснаа эргэн сэргээж “Хэрлэн голын сав газарт газрын доорх усны болон гадаргын усны хяналт-шинжилгээ /мониторингийн/-ний цогц сүлжээг бий болгох” 2,5 сая ам.долларын төсөл дээр хамтарч хэрэгжүүлэх боломжтой байгааг дурдсан юм.

Мөн аялал жуулчлалын салбарт төр, хувийн хэвшил хамтран жуулчин солилцох, аялал жуулчлалыг хөгжүүлэх, 2016 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах Евро Азийн торгоны замын дагуух 33 орны Аялал жуулчлалын сайд нарын дээд хэмжээний уулзалт, "Нүүдлийн аялал жуулчлалын"-ын анхдугаар форумд оролцохыг албан ёсоор урилаа.

Унгар улсын Үндэсний хөгжлийн сайд Миклош Шистак: Биднийг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлье. Би анх удаа танай оронд ирж байна. Манай хоёр яамны хамрах асуудлын хүрээ өргөн, тэр дундаа Ногоон эрчим хүчний чиглэлээр хамтрах боломжууд их байна. Унгар Улс сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр их туршлага хуримтлуулсан орон. Мөн  өөр бусад салбарт хамтран ажиллах бүрэн боломжууд байна. Унгар улс байгаль орчны асуудлыг ихэд чухалчлан бидний оршин байхын үндэс гэж үздэг. Манай улс байгаль орчны салбарт өнгөрсөн онд 1 тэрбум форинт зарцуулсан. 2016 онд мөн тэр хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Манай хоёр улс энэ салбарт хамтран ажиллах төсөл хөтөлбөр боловсруулж, дээрх хөрөнгө оруулалтыг хамтын ажиллагаанд чиглүүлэх боломжтой гэж үзэж байна. Таны дэвшүүлсэн саналууд дээр бид бүхэн тантай хамтран ажиллах саналтай байна. Унгар улс нь сэргээгдэх эрчим хүчний салбар, нарны эрчим хүч, биомасс, газрын гүний дулааны чиглэлээр хамтрах боломжтой. Усны салбарт манай улс 1957-1970 он хүртэл энэ чиглэлээр хамтран ажиллаж 2000 худаг гаргаж байсан түүхтэй, усны асуудал, үерийн хамгаалалтын чиглэлээр мөн аялал жуулчлалын салбарт Монголд нүүдлийн аж ахуй байгаа нь манайх төдийгүй олон улсын аялагчдын анхаарлыг татаж байна. Торгоны зам дагуух аялал жуулчлал ирээдүйд улам их сонирхол татах нь дамжиггүй гэсэн юм.

Хоёр орны сайд нарын уулзалтаар БОНХАЖ-ын яам, Унгар улсын Үндэсний хөгжлийн яам цаашид байгаль орчны салбарт тэр дундаа сэргээгдэх эрчим хүч, усны менежмент, аялал жуулчлалын салбарт томоохон төслүүд дээр хамтран ажиллахаар ярилцсан бөгөөд дээрх асуудлуудаа Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар нарийвчлан хэлэлцүүлэхээр тогтлоо.

Связанные новости