Эхний улиралд Хөгжлийн хөтөлбөрөө батална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 16:58:07

Баянхонгор аймгийг 2030 он хүртэл хөгжүүлэх Хөгжлийн хөтөлбөрийг ирэх гуравдугаар сард аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ. Бодлогыг боловсруулах ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 06 дугаар тогтоолоор 21 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан аж.

Ажлын хэсэг хөгжлийн хөтөлбөрийг эрдэмтэн судлаачид, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор бодит судалгаа, дүгнэлтэнд үндэслэн боловсруулж байгаа бөгөөд ажил 90 гаруй хувьтай яваа юм байна.

Монгол Улсыг 2015-2040 онд хөгжүүлэх Урт хугацааны бодлого боловсрогдож байгаатай уялдуулан Баянхонгор аймгийг 2015-2030 онд хөгжүүлэх Хөгжлийн бодлогыг ийнхүү боловсруулж байгаа аж. Баянхонгор аймгийн хөгжлийн стратеги нь бүтээх чадвартай, өндөр мэргэшсэн ажиллах хүчнээр хангагдсан, байгаль орчныхоо онцлогт зохицсон эрчимжсэн хөдөө аж ахуй аж үйлдвэр хосолсон, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, тээвэр логистикийн оновчтой бүтэц бүхий өөрийгөө тэтгэдэг эдийн засагтай аймаг болоход орших юм.

Баянхонгор аймгийн Дунд хугацааны Хөгжлийн бодлогын үндсэн чиглэлийн 1 дүгээрт “Хөгжсөн иргэн-Хөгжлийн тулгуур” бодлого, 2 дугаарт “Өрх баян бол-Улс баян” бодлого, 3 дугаарт Байгаль орчноо нөхөн сэргээж тогтвортой хөгжлийн үндсийг бүрдүүлэх “Ногоон эдийн засаг-Хонгорын ирээдүй” бодлогыг тавьж байна.

Мөн бодлогын 4 дүгээрт “Хөдөө аж ахуйн хөгжил-Хонгор нутгийн хөгжил”, дараагийн дугаарт   “Хонгорын брэнд-Дэлхийн брэнд” бодлого бодлого байгаа аж. Тэгвэл 6 дугаарт “Баянхонгорт тавтай морил”, 7 дугаарт Ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах, эдийн засгийн өндөр өсөлтийг бий болгох зорилгоор уул уурхайн ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах “Баялагаа түшиглэж хөгжие” бодлогыг хэлэлцэхээр болжээ.

Б.Мөнхзул

Связанные новости