Агаарын бохирдол дэлхий нийтэд шинэ төрлийн өвчин болж буйг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-01-25 13:56:04

Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар олон арга хэмжээг авч байгаа ч дорвитой үр дүн харагдахгүй байна хэмээн олон улсын зөвлөгөөнд оролцогчид онцлов.  

УИХ-ын даргын ивээл дор “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” зөвлөгөөн өнөөдөр Шангри-Ла зочид буудлын Их танхимд эхэллээ.

Тус зөвлөгөөнийг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр ЭМСЯ, БОНХАЖЯ, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд Монгол, Америк, Англи, Австрали, БНХАУ, БНСУ зэрэг улсын эрдэмтэд болон төр, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, бодлого шийдвэр гаргагчдын нийт 160 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Тэд агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөлөл, хор уршиг, ургийн бойжилтод үзүүлж буй нөлөө, Улаанбаатар хотын хүүхдийн уушгины хатгалгаа, амьсгалын замын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгааны үр дүнг хэлэлцэж байна.

ДЭМБ-ын мэдээлж буйгаар агаарын бохирдол нь архаг өвчлөл, хавдрын өвчлөлийн томоохон эрсдэлт хүчин зүйл болж өдгөө гадаад болон дотоод орчны агаарын бохирдолтой орчинд 50 сая хүн амьдарч байгаа бөгөөд  жил бүр тэдний 3,1 сая нь наснаасаа эрт хорвоог орхиж байна. 

Эрүүл мэндийн статистик мэдээллээс үзэхэд 1999-2016 онд агаарын бохирдолтой шууд холбоотой өвчлөл болох амьсгалын тогтолцооны өвчин дунджаар 26.8 хувь, зүрх судасны тогтолцооны өвчин 18.1 хувиар тус тус нэмэгджээ. Мөн агаарын бохирдлоос шалтгаалан уушгины хатгаа өвчин нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн шалтгааны хоёрдугаарт энэ өвчин орж байгаа аж.

НҮБ-ын Хүүхдийн сангийн олон улсын зөвлөх Руфис Эдвардс "Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүдсэн өвчний дарамт ба арга хэмжээ авахгүй байх үеийн өртөг" сэдвээр илтгэл тавив. Тэрбээр, “Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуульд “Хүүхэд бүр эрүүл мэнд өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх эрхтэй” гэж заасан хэдий ч Улаанбаатар хотын хүн ам агаарын нарийн ширхэглэгт тоосонцрын бохирдолд өртөх дундаж өртөлтийн түвшин ДЭМБ-ын өвчлөл болон нас баралтыг хамгийн бага түвшинд байлгах зорилготой Олон улсын эрүүл мэндэд суурилсан зөвлөмжид заасан хэмжээнээс долоо дахин их, Монгол Улсын үндэсний стандартад заасан жилийн дундаж зөвшөөрөгдөх дээд түвшингээс гурав дахин өндөр байна” гэв.

УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны ассемблейн дарга, доктор С.Оюун, "Монгол Улсын хүрээлэн буй орчны өөрчлөлт, агаарын бохирдол: Өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага" сэдвээр илтгэл тависан юм. Тэрбээр "Дэлхийн хэмжээнд жилд 7 сая хүн агаарын бохирдлын улмаас амиа алдаж байна гэсэн тооцоо байдаг бол 2012 онд ДЭМБ-ээс жилд 3.3 сая хүн гадна орчны агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөс шалтгаалан амиа алджээ. Үүнээс харахад дэлхий нийтэд шинэ төрлийн өвчин болж байна гэдгийг анхааруулж байна" гэв.

Зөвлөгөөнөөр цаашид агаарын бохирдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэж, бууруулах арга зам, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаарх амьдралд хэрэгжиж болохуйц зөвлөмжийг олон нийт ард иргэдэд, шийдвэр гаргагчдад хүргэх юм.

Зөвлөгөөн маргааш өндөрлөнө.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Связанные новости