Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоод эх орондоо ирэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-25 13:45:26

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтад оролцоод өнөөдөр эх орондоо ирлээ.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар глобал түвшинд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаар яриа хэлэлцүүлэг өрнүүлж, энэ удаагийн чуулга уулзалтаар “Үйлдвэржилтийн 4 дэх дэвшил” ерөнхий сэдвийн хүрээнд 250 гаруй салбар хуралдаан боллоо.

Энэ удаагийн чуулга уулзалтаар эрүүл мэнд, санхүү, боловсролын салбарыг хэрхэн өөрчлөх, уур амьсгалын өөрчлөлт, бүх нийтийн эрүүл мэндийн асуудлуудыг шийдвэрлэхэд технологийн хөгжил дэвшил хэрхэн нөлөөлөх, тулгарч буй асуудал, сорилтууд урьд өмнөхөөс илүү ээдрээтэй, хурдацтай, харилцан хамааралтай болсон үед оновчтой зөв шийдвэр гаргах чадамжтай Төрийн байгууллагын тогтолцоог хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, тавьж буй хөгжлийн зорилтоо танилцуулах зорилгоор 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр “Монголын үдэш” арга хэмжээг зохион байгуулав.

Чуулга уулзалтад Монгол Улс өндөр дээд түвшинд оролцох нь улс орноо сурталчлах, олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдлыг танилцуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэгт ач холбогдолтой юм.

 

Связанные новости