“Сэлэнгэ-2016”-г төлөвлөх зөвлөгөөн Улаан-Үдэд болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-25 08:13:12

УЛААН-ҮД. /TASS/. Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ-2016” терроризмтой тэмцэх сургуулилтыг төлөвлөх зөвлөгөөний эхний үе Буриадын нийслэл Улаан-Үд хотод хоёрдугаар сарын эхээр болно гэж Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн алба мэдээлжээ.

“Уг бага хурлын үеэр Дорнод цэргийн тойргийн болон Монголын Зэвсэгт хүчний төлөөлөгчид хамтарсан сургуулилтын хувилбар, түүнд оролцох бие бүрэлдэхүүн болон зэвсэг техникийг хэлэлцэн тогтоно” гэж тус тойргийн хэвлэлийн албаны дарга Александр Гордеев мэдээлсэн байна. Тэрбээр “Сэлэнгэ-2016” сургууль энэ оны 8-9 дүгээр сард Дорнод цэргийн тойргийн Буриадын нутаг дэвсгэрт байрладаг Бурунди полигонд болно гэдгийг дурджээ.

“Зөвлөгөөний үеэр Монголын талаас сургуулилтад оролцогчдыг улсын хилээр нэвтрүүлэх асуудлууд, мөн байлдааны техникийн марш болон ар талын хангамжийг зохион байгуулах журмыг хэлэлцэнэ” Гордеев хэлсэн байна.

“Сэлэнгэ” хээрийн хамтарсан сургуулийг 2008 оноос хойш жил бүр хийж байгаа билээ. Орос, Монголын цэргүүд өнгөрсөн онд Өвөр Байгалын хязгаарын Цугол полигонд хамтарсан үйл ажиллагааны тактикийг боловсруулсан.

Д.Жаргал

 

Связанные новости