Г.Уянга: Бид байр сууриндаа хатуу байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-21 16:40:35

Ерөнхий сайдыг огцруулах асуудлаас үүдэн өнөөдөр өглөөнөөс хойш Төрийн ордон хөл хөдөлгөөнтэй өнжлөө. Харин дөнгөж сая Төрийн байгуулалтын байнгын хорооноос тус асуудлаар МАН-ын бүлэг ажлын 5 хоногийн завсарлага авснаар асуудал ирэх долоо хоног хүртэл хойшлов. Байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын гишүүн Г.Уянгаас зарим зүйлийг тодрууллаа.

-“Шударга ёс” эвслийн бүлгийн хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцсон байна. Ямар байр суурьтай байсан бэ? 

-Н.Энхбаяр дарга Засгийн газрыг огцруулахгүй байх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн.

-Бүлгийн хурлын дараа Л.Цог, О.Баасанхүү гишүүн та 3 тусдаа хуралдсан. Энэ талаар? 

-Бид гурав байр сууриндаа хатуу зогсоно гэж ярьсан. 

-Энэ байр сууриас тань болж бүлгийн зүгээс шахалт ирэхгүй юу?

-Н.Энхбаяр дарга бид гурвыг саналаа татаж авахыг хүссэн. Бид гурав шийдвэрээсээ буцаагүй. Нэгэнт ийм санаа бодолтой байгаа бол сонгуультай холбож арга хэмжээ авна гэж Н.Энхбаяр дарга хэлсэн. Тэгэхдээ үүнээс үл хамаараад бид гурав байр сууриндаа хатуу байна.

-Өглөө 8.30 цагт зарласан Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралд та яагаад орж ирсэнгүй вэ? Таныг ирчихвэл ирц бүрдэх гээд байсан шүү дээ?

-Байнгын хороо 19 гишүүнтэй. 19 гишүүний 10 нь ирчихвэл хурал эхэлнэ. Тэгээд гарын үсэг зурсан 19 гишүүн олонхоороо орж байр сууриа илэрхийлнэ гэсэн санал гарсан.Тэдний шийдвэрийг хүндэтгэхээс өөр арга байхгүй.

-Н.Энхбаяр дарга дараагийн сонгуульд нэр дэвших асуудлаар ярина гэж хэлсэн юм уу?

-Би тийм утгаар нь хэллээ гэж ойлгосон.

Н.Гантуяа

Связанные новости