ЭМД-аа цахим картаар хянах боломжтой болох нь

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-01-21 15:14:00

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Ганцэцэгтэй уулзаж Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн хуулийн талаар тодруулга авлаа.

-Эрүүл мэндийн даатгалын сангаас нэг даатгуулагчид үзүүлэх төлбөрийн хэмжээ болон гэр бүлийн гишүүд ЭМД-аас аваагүй тэтгэмжийг бусдадаа шилжүүлэх боломж бүрдлээ гэж байгаа, энэ талаар та тодруулахгүй юу? 
-ЭМД-ын тухай шинэчилсэн хуулийг өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд УИХ-аар баталсан. Энэ хуулиар ЭМД-тай иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах үедээ хувиасаа нэмэлт төлбөр төлж байгаа эрсдлийг бууруулж, санхүүгийн эрсдлээс нь хуваалцах зорилго агуулсан юм. Мөн ЭМД-д хамарсан багц, өргөжсөн нэмэлт заалт орсон. Тухайлбал, өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгслийн үнэ, хиймэл эрхтэн портези, ортопедийн үнэ, аймаг, дүүргийн амбулаторийн нарийн мэргэжлийн эмчийн жороор олгох эмийн үнэ, хорт хавдрын тусламж үйлчилгээ, химийн хэлбэрийн эмчилгээ, жирэмсэн эхчүүдийн эмгэг эмчилгээг ЭМД-ын сангаас төлбөрийг нь  төлөхөөр энэ хуулиар тогтоож өгсөн.
-ЭМД төлдөг бүх иргэн хамрах боломжтой гэж ойлгож болох уу?
-Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний ЭМД-ын хамтын төлбөр гэдэг нь тодорхой хэсгийг даатгуулагч өөрөө болон төрөөс шимтгэлийг нь хариуцаж төлдөг. ЭМД-ын сангаас төлөх төлбөрийн тусламж, үйлчилгээний багц өргөжиж, даатгуулагчид жилдээ 2 сая хүртэлх төгрөгийг уг сангаас төлөх юм. Тухайн даатгуулагчийн хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал нь үүнээс хэтэрсэн тохиолдолд гэр бүлийн гишүүн бусад даатгуулагчийнхаа 2 сая төгрөгийг нэг удаа шилжүүлэн тооцох эрхийг даатгуулагчид олгосон байгаа. Гэхдээ энэ эрх нь ЭМД-аа өөрөө хариуцан /цалин хөлс гэх мэтээр/ төлдөг хүнд хамаарна. Шинэ хуулиар оюутнууд өөрөө хариуцан ЭМД-аа төлөх болсон. Тэгэхээр ЭМД-аа өөрөө төлж байгаа бүх хүнд дээрх эрх нээлттэй. Харин 18 нас хүрээгүй хүүхдийн ЭМД-ын шимтгэлийг төр хариуцаж байгаа учраас  хамааралгүй.
-Энэ шинэ хуулийн давуу талуудыг онцолно уу?
-ЭМД-ын тухай шинэ хуулиар ЭМД-д хамаарах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрөл нь 7 байсан бол одоо 11 болж өргөжсөн нь нэг давуу тал. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас даатгуулагч тодорхой хэмжээний төлбөрийн хөнгөлөлт эдлэх эрхтэй. Өнгөрсөн онд 169 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага /ЭМБ/-тай ЭМД-ын гэрээ хийгээд өнөөдөр гэрээгээ дүгнэж байгаа. Энэ жил 180 орчим хувийн хэвшлийн ЭМБ-тай гэрээ хийнэ. Эдгээрээр даатгуулагч үйлчлүүлбэл төлбөрийн тодорхой хөнгөлөлт эдэлнэ.
-Өнөөдөр аливаа татвар, санхүүгийн мэдээллийг шилэн болгох асуудлыг хөндөж байгаа. ЭМД-ын систем  ил тод байдал нь ямар түвшинд байгаа бол?
-Бид өнгөрсөн жилээс иргэдэд мэдээлэл өгөх ажлыг өөрийн вэб сайтаар түгээж байна. Тус сайтад орж регистрийн дугаараа хийхэд л та аль эмнэлэгт үзүүлэв, хэвтэж эмчлүүлэв, аль эмийн санд үйлчлүүлж эм авсан гэдэг мэдээллийг даатгуулагч өөрөө харах боломжтой.  Цаашдаа энэ шинэ хуулинд ЭМД төлөгч нь цахим карттай болох тодорхой заалт орсон. Уг цахим картаас бүх мэдээллийг авах юм. ЭМД-ын шимтгэлийг цалингаасаа төлөөд байгаа мөнгө нь ЭМД-ын сандаа орсон эсэх, 2 сая төгрөгийн хөнгөлөлтийг хэрхэн яаж хэрэглэв гэх мэтээр бүх мэдээллийг эндээс авч хяналт тавих боломжтой.
-Иргэд хэзээ цахим карттай болох вэ? 
-Уг асуудлаар ХАХНХЯ дээр мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн Ажлын хэсэг гараад бодлого, чиглэлийг нь тодорхой болгохоор ажиллаж байна.

Д.Өлзий

 

Связанные новости