Төв аймгийн зарим сум руу өвс хүргэх цуваа гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-01-20 17:20:50

Өвөлжилт нь  хүндэрсэн,  цас зудын байдалтай байгаа Төв аймгийн зарим сумд руу өвс хүргэх машины цуваа өнөөдөр Төв аймгаас хөдөллөө.

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар энэ үеэр хэлэхдээ,  “Байдал хүнд байгаа ч гэсэн сахилга хариуцлага, зохион байгуулалтаа сайжруулан өвөл, хаврыг хохиролгүйгээр даван туулах зорилтыг Улсын онцгой комиссын зүгээс тавьж байгаа. Иймээс Төв аймгийн цас зуд ихтэй байгаа урд талын Сэргэлэн, Баян, Баянцагаан, Алтанбулаг, Баянжаргалан суманд эхний 100 тонн өвсийг хүргүүлэх ажлыг Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулж байна. Малчид, иргэд өвөлжилт болон хаваржилтын бэлтгэл ажилдаа хариуцлагатай хандан сонор сэрэмжтэй байж, гэнэтийн хүйтрэл болон цас, шороон шуурганаас сэрэмжилж ажиллахыг Улсын онцгой комиссын даргын хувиар сэрэмжлүүлж байна” гэсэн юм.

5 сая мал өвөлжиж байгаа Төв аймаг хамгийн олон сумтай аймаг. Мөн малын тоогоороо улсдаа байнга дээгүүрт ордог. Тус аймгийн нийт нутаг дэвсгэрийн 50 хувь нь зудын байдалтай байгаа аж.

Үүн дээр нэмээд малын өвчин гарч эхэлжээ. Одоогоор Баяндэлгэр суманд малын цэцэг өвчний голомт илрээд байгаа тул холбогдох мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж байна.

Засгийн газраас малын өвс тэжээлийг боломжоороо өгч байгаа хэдий ч сумдад хуваарилбал маш бага хэмжээгээр ногдоно. Нэг суманд 500 боодол өвс гэж үзвэл малчин нэг айлд нэг, хоёр боодол өвс авах нь. Иймд малчид бусдын гарыг харалгүйгээр зах зээлд зарж борлуулж буй өвс, тэжээлийн үнийг судлан хувьдаа сайтар базааж авах хэрэгтэй болжээ.

Үнэгүй өгч байгаа уг өвс нь зөвхөн тээврийн зардлаар малчны хотонд хүрч байгаа юм байна.

Б.Туул

Связанные новости