Энэтхэгийн навигацын хиймэл дагуул тойрог замд амжилттай оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2016-01-20 13:58:44

ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Энэтхэг улсын хөөргөсөн “IRNSS-1E” навигацын хиймэл дагуул тойрог замд амжилттай орсон байна. Энэ тухай тус улсын сансар судлалын байгууллага мэдээлжээ.

Уг хиймэл дагуулыг “PSLV-C31” зөөгч пуужингийн тусламжтайгаар Энэтхэгийн зүүн өмнөд нутгийн Андхра-Прадеш мужийн эрэг хавийн Шрихарикот аралд оршдог тус улсын цорын ганц сансрын буудлаас хөөргөсөн байна.

Дээрх хиймэл дагуул нь Өмнөд Азийн тус улсад өөрийн гэсэн бүс нутгийн навигацын системийг /Indian Regional Navigation Satellite System, IRNSS/ байгуулах долоон аппаратын тав дахь нь юм гэж мэдээллийн “Press Trust of India” агентлаг мэдээлжээ. “IRNSS” системийг 2016 оны зунаас өмнө долоон хиймэл дагуулыг бүгдийг нь хөөргөх үед байгуулж дуусах ёстой байна. Эхний аппарат болох “IRNSS-1A”-г 2013 оны долдугаар сард, хоёр дахь “IRNSS-1B” хиймэл дагуулыг 2014 оны дөрөвдүгээр сард, гурав дахь аппарат “IRNSS-1C”-ийг 2014 оны 10 дугаар сард, дөрөв дэх “IRNSS-1D” аппаратыг 2015 оны гуравдугаар сард тус тус хөөргөжээ. Бүх дөрвөн аппаратыг Энэтхэг өөрсдийн бүтээсэн "PSLV" ангиллын цуврал зөөгч пуужингуудын тусламжтайгаар тойрог замд оруулсан байна.

Д.Жаргал

 

Связанные новости