Дмитрий Медведев хямралаас гарах арга замуудыг тайлбарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2016-01-19 11:56:34

Энэ сарын  13-15-ны өдөр  Москва хотноо  Оросын ерөнхийлөгчийн дэргэдэх  Улс ардын  аж ахуй , төрийн удирдлагын  академид болж буй “Гайдарын форум “ уламжлалт чуулганд Орос  улсын ерөнхий сайд Дмитрий Медведев оролцож,  үг хэлжээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Орос улс “голландын” өвчнөөс саллаа, өөрөөр  хэлбэл, Орос улсад үйлдвэрлэсэн өрсөлдөх чадваргүй бараа  бүтээгдэхүүнүүд  рублийн  ханш  тогтворжиход  хүргэв  хэмээн онцлон тэмдэглэжээ. 

Энэхүү нөхцөл байдал нь  тус  улсын  эдийн засаг , аж үйлдвэрийг сэргээхэд  таатай сайхан нөхцөл бий болж байгаа  тухай онцолжээ.      

“Өнгөрсөн жил  Орос улсын  хувьд маш хүнд жил байсан. Нефтийн үнэ огцом унасан.  Орос улсын эсрэг Европын холбоо болон АНУ-ын зүгээс  эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг  гаргасан" гэж тэр  хэлжээ.  

Тэрбээр цааш нь “Уламжлалт жорууд үйлчлэхээ больсон.  Надад эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх мөнгө санхүү байхгүй" гэжээ.

“Гэхдээ энэ нь  гараа хумиад юу ч хийхгүй суу гэсэн үг биш. Харин  ч бүр эсрэгээр ер бусын, ажил хэрэгч, зоригтой шийдвэрүүд  гаргахыг шаардаж буй юм” гэж Засгийн газрын тэргүүн онцолжээ.

Түүний яриагаар, дэлхийн нефтийн зах дээр  гаж байдал үүсээд байна.  “Олборлолт, эрэлт хэрэгцээ их хэмжээгээр  тогтвортой өсч  байхад   нефтийн  үнэ ханш буурч байна. “ОПЕК”-аас авч байгаа  арга хэмжээнүүд энэ салбарын  тэнцэлийг  сэргээхгүй гэж Дмитрий Медведев шүүмжилжээ.

Энэ  утгаараа Орос улсын дотоодын тулгамдсан асуудлууд хурцадмал байдалтай  байна.   Ийнхүү сөрөг шинж тэмдгүүдийн дунд,  үйлдвэрлэлийн  нийт хэмжээ буурахын хамт   ажил хэргийн болоод   хөрөнгө оруулалтын  идэвхи буурчээ.  Энд  хамгийн гол зүйл бол хүмүүсийн орлого  буурсан явдал юм. Үүнд нийгмийн  дунд  анги илүүтэй хохирол амсч байна гэж тэр мэдэгдэжээ.  

Тэрээр танхимд хуран цугларсан хүмүүсийн анхаарлыг  тус улсын эдийн засагт гарч байгаа эерэг үзэгдлүүд рүү  хандуулжээ. Юуны түрүүнд энэ нь банкны системийн тогтвортой байдал аж.  Үүнийг дэмжихийн тулд өнгөрсөн жил төсвөөс 1  их наяд рубль гаргаж байсан  тухай Дмитрий  Медведев өгүүлэв.  Ийнхүү банкны салбараас  мөнгө гадагшаа явж байсан бол одооноос буцаж ирэх болсон тухай ерөнхий сайд онцлов. Иймд улс эдийн засгийн бодит секторыг  хөрөнгө оруулалтаар дэмжих  үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ хэмээн яриандаа тэмдэглэжээ.   

Тэрээр   бизнесийн болон аж үйлдвэрийн хувьд “урт мөнгөний” тулгамдсан асуудал хурц тавигдсан хэвээр байх болно  гэв. Гэхдээ энэ нь цорын ганц шалтгаан биш аж.  Дмитрий Медведевын үзэж буйгаар, хоёрдахь шалтгаан  Орос улсад облигацын зах зээлийн хөгжил  сул  хөгжсөнтэй холбон үзэж  байна.  Иймд үүнийг хөгжүүлэх нь зүйтэй гэж тэр хэлжээ.   

ОХУ –ын ерөнхий сайд   2015 оны Орос улсын эдийн засгийн   нефть-хийн секторын  ашиг орлогын  бууралтыг давж гарсан явдлыг  эерэгээр  дүгнэжээ. Түүний үзэж буйгаар, эдийн засгийн хямралыг даван туулах цорын ганц зам бол хөрөнгө оруулалтыг  урамшуулах явдал аж.

“Гайдарын форум“ Орос улсын  эдийн засгийн салбарт жил бүр зохион явуулдаг гадаад, дотоодын  нэртэй улстөрч,  эдийн засагч, эрдэмтэн судлаачид оролцдог  олон улсын эрдэм-шинжилгээний  томоохон арга хэмжээний нэг  юм. 1990-ээд оны үед  Оросын  нийгэмд  шинэчлэлийн реформыг  хэрэгжүүлсэн  судлаач- эдийн засагч Егор Гайдарын нэрэмжит энэхүү форум 2010 оноос эхлэн жил бүр  зохиож буй юм. 

  Москва хот. А.Огторгуймаа 

 

Связанные новости