Хуванцар савыг бутлагч үйлдвэр байгальд ээлтэй үйлдвэрлэл болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-19 09:53:31

Хогийн цэг болон гадуур явж хуванцар сав түүдэг 10 гаруй хүн Сайншандад бий. Харин  тэдний түүсэн  хуванцар савыг худалдан авч буталж бүтээгдэхүүн болгох анхан шатны бэлдэц болгон зах зээлд гаргадаг байгууллага бол “Эко бадрах агаар” ХХК.

Орон нутагт төдийлэн харагдаад байдаггүй  энэ үйлдвэрлэлийг А.Батцэцэг хэмээх бүсгүй Замын-Үүдээс хил рүү хүн тээвэрлэх ажил хийж байхдаа Эрээн хотоос олж мэджээ. Тэрээр Сум хөгжүүлэх сангаас 18 сая төгрөгийн зээл авч 7-8 тонн хуванцар савыг бутлах хүчин  чадалтай тоног төхөөрөмж суурилуулан өдөрт 500-600 кг түүхий ангилан буталдаг байна. Бутлагч машин дээр ажиллаж байгаа хүнийг өдөрт 15-20 мянган төгрөгөөр цалинжуулдаг бол түүж байгаа хүмүүст кг тутамд нь 150-200 төгрөг гарт нь өгдөг аж. Дээрээс нь ажилгүй хөгшид ирээд хуванцар савыг өнгө өнгөөр нь ялгаад цалин авдаг гэнэ.

Ашиг олно гэхээсээ илүү байгаль орчноо цэвэрлээд дээрээс нь эмзэг давхаргын олон хүнийг ажилтай орлоготой болгож байгаа буянтай ажил гэж үйлдвэрлэгч ярилаа. Харин хуванцар саваар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг технологи Монголд хараахан орж ирээгүй учир үйлдвэрлэсэн бэлдэцээ хятадуудад худалддаг байна.     

            Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган        

Связанные новости