Онцын шаардлагагүй бол аян замд гарахгүй байхыг сануулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-18 20:55:13

Өнгөрөгч долоо хоногийн сүүлчээс эхлэн хүйтний эрч чангарч, амралтын өдрүүдэд нийт нутгаар цасан шуургатай байсан. Энэ үеэр аян замд саатсан, төөрсөн гэх зургаан дуудлага аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Хүн осгож бэртсэн тохиолдол гараагүй. Говьсүмбэрээс Дэрэн, Баянжаргалан сум руу, Эрдэнэдалайгаас аймгийн төв, аймгийн төвөөс Гурвансайхан сум руу гэх зэргээр иргэд зорчихдоо цаг агаарын нөхцөл байдлыг харгалзаагүйгээс төөрсөн, цасан боогдож удааширсан, шатахуун дуусч суусан гэх мэт бэрхшээлтэй тулгарсан байна.

 Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг ойрын өдрүүдэд байнга өгч байгаа, хүйтний эрч эрс чангарч, цас зудтай байгаа ийм нөхцөлд иргэд цаг агаарын мэдээнд  хайхрамжгүй хандсанаас аян замдаа саатах бэрхшээл гарч байна. Тиймээс онцын шаардлагагүй бол цас шуургатай, эрс хүйтэрсэн ийм үед аян замд гарахгүй байх, хэрвээ явах зайлшгүй тохиолдолд бүрэн бүтэн машин техниктэй, шатахууны хангамжтай явах хэрэгтэй гэж аймгийн Онцгой байдлын газар анхааруулж байна. Цасанд боогдсон дуудлагын нэг нь Улаанбаатараас Өмнөговь аймгийн Цагаан хадын чиглэлд зорчиж явсан 30 гаруй зорчигчтой автобус Дундговь аймгийн төвөөс 80 гаруй км- т цасанд суусныг ОБГ, Авто тээврийн газрын алба хаагчид тусламж хүргэн ажиллажээ.  

Т. Отгонтуяа

Связанные новости