Шог зураач Ц.Байды үзэсгэлэнгээ нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-01-15 12:21:15

УГЗ, МУЭ-ийн шагналт зураач Ц.Байды “Үлгэр домгийн орноор” уран бүтээлийн үзэсгэлэнгээ өнөөдөр МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд нээнэ.

Энэ удаагийн үзэсгэлэнд уран бүтээлийн ажлаар аялан явах зуураа судалбар тэмдэглэлээс сэдэвлэн сүүлийн хоёр жилд туурвисан Монгол орны байгалийн үзэсгэлэнт бодит газрыг дүрсэлсэн уран зураг, шог хошин зургуудаа дэлгэх юм.

Тэрбээр уран зургийн болон зураасан зургийн бие даасан үзэсгэлэн улсын хэмжээнд 13 удаа гаргасан байна. Мөн шог хошин зураг зурахаас гадна сэтгүүлч хүний хувьд бичсэн олон арван тэмдэглэл, дэлхийн сонгодог зураачдын тухай нийтлэлүүдээс нь шилдэг бичлэгийн шагнал хүртэж байсан юм. Түүнчлэн Монголынхоо зураачдын амьдрал уран бүтээлийн тухай бичин нийтлүүлж, “60 шог”, “100 зураг”, “Наргиан даргиан”, “Хөдөө бандгай, хүрээ даадай”, “Монголын хошин шог зургийн дээж” зэрэг ном хэвлүүлжээ.

Тэрээр 1976 онд “Ардын засгийн төлөөлөгч” зургаараа улсын уралдааны 1-р байр, “Баянцогтын говьд”, “Хаалга шинэтгэсэний баяр” зэрэг бүтээлээр улсын уралдаанаас 2,3-р байр тус тус хүртсэн байна. Түүнчлэн Монголынхоо урлагийг гадны олон оронд сурталчлан БНХАУ, ЗХУ, Япон, Солонгос, АНУ, Итали, Франц, Англи, Алжир зэрэг улсад зохион байгуулсан үзэсгэлэн болон шог зургийн уралдаанд өөрийн уран бүтээлээрээ  амжилттай оролцож байв.

1981 онд Москва хотод зохион байгуулсан үзэсгэлэнгээс хүрэл медаль, 1985 онд “Хүн байгаль” олон улсын уралдаанаас “Үр хойчдоо” зургаар тэргүүн байр, 2003 онд “Адра” олон улсын уралдаанаас 1-р байр, 2005 онд “Эмнэст интернэйшнл” олон улсын байгууллагын шагнал, 1981 онд  Монголд анх удаа шог зургийн анхны үзэсгэлэнгээ гарган Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагнал хүртэж байсан бол түүний авьяас билгийг  төр засаг өндрөөр үнэлэн 1995 онд Монгол Улсын Урлагийн Гавъяат зүтгэлтэн цолоор шагнасан байна.

Ж.Болор

 

Связанные новости