Жакартад террористууд Парисын халдлагыг дуурайхыг оролджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-01-15 09:32:25

МОСКВА. /RIA Novosti/. Индонезын нийслэл Жакарта хотод пүрэв гарагт болсон цуврал дэлбэрэлт болон буудалцааны улмаас таван террористыг оруулаад долоон хүн амиа алдаж, 20 орчим хүн шархадсан байна. Хотын цагдаагийн газрын мэдээлснээр, террористууд Жакартад Парисын халдлагыг давтахыг оролджээ. Халдлагын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл хүлээсэн байна. Индонезын эрх баригчид пүрэв гарагт орон даяар аюулгүй байдлын хүчнийхнийг дээд зэргийн өндөржүүлсэн бэлэн байдалд оруулжээ.

Пүрэв гарагт Индонезын нийслэл хотын яг төвд эргэн тойронд нь тансаг зэрэглэлийн зочид буудлууд, Элчин сайдын яамд, офисын барилгууд оршдог “Sarinah” худалдааны төвийн ойролцоо цуврал дэлбэрэлт болсон байна. Эхлээд амиа золиослогч террорист уг төвийн нэгдүгээр давхарт байдаг “Starbucks” кафен үүдэнд халдлага үйлдсэн бол түүний хамсаатан цагдаагийн харуулын байрны ойролцоо амиа золиосолжээ. Үүний дараа террористууд болон цагдаа нарын хооронд буудалцаан болсон байна. Албан ёсны мэдээллээр долоон хүн амиа алдсаны тав нь террористууд аж. Халдлагын үеэр 20 орчим хүн шархаджээ. Жакарта хотын цагдаа нар дөрвөн сэжигтнийг баривчилсан байна.

Телевизийн “ABC News 24” сувгийн мэдээлснээр, Жакарта хот дахь НҮБ-ын төлөөлөгчийн газрын ажилтан цуврал дэлбэрэлт болох үед шархаджээ. “НҮБ-ын ажилтан “Starbucks” кафед террористууд уг кафед орж гар бөмбөг шидэх үед шархадсан гэж мэдээлж байна” гэж тус сувгаар уламжилжээ.

Индонезын нийслэл Жакарта хотод болсон халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн дотор Канадын иргэн байгаа тухай Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

Пүрэв гарагт үйлдсэн халдлагын үеэр иргэн нь хүнд шархадсан тухай Нидерландын Гадаад хэргийн яам мэдээлснийг Франс Пресс агентлаг уламжилжээ.

Жакартад халдлага үйлдсэн террористууд гар буу, гар хийцийн гар бөмбөг болон тэсрэх төхөөрөг ашигласан гэж Индонезын телевизийн “Kompass TV” суваг “Twitter” сүлжээн дэх хуудсандаа пүрэв гарагт мэдээлсэн байна.

Д.Жаргал

 

Связанные новости