Хүүхдийн 20000 төгрөгийн асуудлыг маргааш үргэлжлүүлэн хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-14 21:25:19

Хүүхдийн мөнгийг хуучин хэвээр нь олгох талаар тусгасан “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэлсэн ч чуулганы хуралдааны цаг дууссан учир маргааш үргэлжлүүлэхээр болов.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлж, 2012 оны 10 дугаар сараас эхлэн Хүний хөгжил сангаас хишиг хувь болгон Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 20,0 мянган төгрөгийг олгож эхэлсэн. 2015 оны үзүүлэлтээр нийт 1 сая 30 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгосон бөгөөд үүнд 246.7 тэрбум төгрөг зарцуулжээ.

Гэвч эдийн засгийн хүндрэлээс үүдэн 2016 оноос эхлэн хүүхдийн мөнгөнд зарцуулах хөрөнгийг бууруулж, өрхийн амьжиргааны түвшинг 1-20 хүртэл тогтоож, 1-17 дугаар бүлгийн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн. Хүүхдийн мөнгийг ингэж ялгавартай олгох болж, 2016 оны төсөвт 144 тэрбум төгрөг суулгаж, төсвөөс 100 гаруй тэрбум төгрөг хэмнэнэ гэж үзэн УИХ-аас 2015 оны 103 дугаар тогтоол гаргасан юм.

Харин энэ шийдвэр нь иргэдийн багагүй шүүмжлэлийг авч, бухимдал үүсгээд байсан бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн хүүхдийн мөнгийг ялгаварлахгүй олгох нь зөв гэсэн байр сууриа илэрхийлж байсан. Энэ мэт шалтгаанаас үүдэн мөн эдийн засгийн хүндрэлтэй үед айл өрхөд очиж байгаа нийгмийн хамгааллын дэмжлэгийг бууруулахгүй байх зорилгоор дээрх тогтоолд өөрчлөлт оруулж, хүүхдийн мөнгийг хуучин хэвээр нь олгох зохицуулалтыг хийхээр УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Засгийн газраас энэ сарын 8-ны өдөр нэн яаралтай хэлэлцэх дэгээр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийг батласнаар өрхийн амьжиргааны түвшин тогтоолгох судалгаанд хамрагдсан нийт өрхийн 0-18 насны бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг олгох нөхцөл бүрдэнэ.

Уг тогтоолын төслийг хэлэлцэхийг Төсвийн байнгын хороо дэмжсэн бөгөөд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр эхлүүлсэн ч дуусгалгүй маргааш үргэлжлүүлэхээр боллоо. Үүгээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөсөн юм.

Н.Туяа

Связанные новости