Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-14 16:29:03

УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболдод УИХ-ын гишүүн Н.Батбаяр Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр өргөн мэдүүллээ.

 Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг үндэслэн хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг 6 бүлэг 24 зүйлтэйгээр боловсруулсан болохоо УИХ-ын гишүүн Н.Батбаяр танилцуулав. 
Уг төсөлд төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар сонголт хийх шаардлага гарсан, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах, УИХ хэлэлцэн шийдвэр гаргаж чадаагүй асуудлыг санал асуулгаар шийдвэрлэхээр тусгажээ. Түүнчлэн УИХ-ын Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн боловч уг асуудлаар 3 ээлжит чуулганы хугацаанд  тодорхой шийдвэр гаргаж чадаагүй буюу гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн бол уг асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх зүйтэй хэмээн үзсэн байна. 
Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа Сонгуулийн ерөнхий хорооны саналыг авч тусгасан байна. Хуулийн төслийг шинэчлэн баталснаар ард нийтийн санал асуулга явуулах эрх зүйн орчин бүрдэх аж  хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
 

Связанные новости