Эквадор Ассанжийн хэргээр Швед улстай хамтран ажиллана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-14 11:25:52

МЕХИКО. /RIA Novosti/. Эквадор улс Жулиан Ассанжийн хэргээр Шведтэй хамтран ажиллана гэж тус улсын Гадаад хэргийн сайд Рикардо Патиньо лхагва гарагт мэдэгджээ. Тодруулбал, түүнийг Их Британийн нийслэл Лондон хот дахь Эквадорын Элчин сайдын яаманд /ЭСЯ/ байцаах талаар хамтран ажиллах аж.

“Шведийн хуулийн байгууллагынханд Ассанжаас мэдүүлэг авах боломж олгохын тулд бид тэдэнтэй хамтран ажиллана. Энэ тухай бид бүр эртнээс ярьсан” гэж Патиньогийн хэлснийг Эквадорын “Vistazo” цахим хуудсанд уламжилжээ.

“WikiLeaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийг Лондон хот дахь Эквадорын ЭСЯ-нд байцаах хүсэлтийг Шведийн Прокурорын газар урьд нь тавьсан байна. Ассанжийг байцаах боломж олгож буй хууль, эрх зүйн тусламж үзүүлэх тухай Швед, Эквадорын хооронд байгуулсан хоёр талын гэрээ хүчин төгөлдөр болсны дараа ийм хүсэлт гаргах боломжтой болжээ. Уг гэрээнд 2015 оны сүүлээр гарын үсэг зурсан байна.

Д.Жаргал

 

Связанные новости