Британийн цэргүүд Нигерийн хүчнийхнийг сургаж бэлтгэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-14 10:52:12

ЛОНДОН. /TASS/. Террорист “Боко Харам” бүлэглэлийн босогчидтой тэмцэж байгаа Нигерийн Зэвсэгт хүчний цэргүүдийг бэлтгэж сургах цэргийн албан хаагчдаа Их Британи тус улсад илгээнэ. Энэ тухай Их Британийн Батлан хамгаалах яам лхагва гарагт мэдээлжээ.

Английн хатан хааны хорооны 35 цэргийг илгээх тухай яригдаж байна гэж тус яам онцлон тэмдэглэсэн байна. Их Британийн цэргүүд улсынхаа хойд нутагт террористуудтай тулалдаж байгаа Нигерийн аюулгүй байдлын хүчнийг сургаж бэлтгэнэ. “Туйлын ихээр аюул учруулж буй “Боко Харам” бүлэглэлтэй тэмцэхэд Нигери улсын гаргаж буй хүчин чармайлтыг бид дэмжинэ” гэж Их Британийн Батлан хамгаалахын сайд Майкл Фэллон мэдэгджээ.

Нэг жилийн хугацаанд Их Британи Нигери улсад нийтдээ 300 хүртэл цэрэг, офицер илгээнэ гэдгийн тус улсын Батлан хамгаалах яам мөн мэдээлсэн байна.

Нигерийн хойд болон зүүн хойд нутагт үйл ажиллагаа явуулдаг лалын шашинтнуудын “Боко Харам” бүлэглэл нь лалын халифт улс байгуулж, тус улсын бүх нутаг дэвсгэрт шариатын дэглэм тогтоохыг оролдож байгаа юм. Тус бүлэглэл барууны боловсрол, ардчилал, эрх мэдлийг хуваах зарчмыг, мөн барууны хувцас өмсөх зэрэг “харийн” соёлыг эсэргүүцдэг байна. Тус бүлэглэл 2015 оны гуравдугаар сард террорист “Лалын улс” бүлэглэлд үнэнчээ илтгэн тангараг өргөсөн билээ.

Д.Жаргал

 

Связанные новости