Улсын Бага Хурал, үе үеийн УИХ-ын гишүүдийн цомгийг Төрийн ордонд залав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-13 13:04:05

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойг тохиолдуулан Улсын Бага Хурал, үе үеийн УИХ-ын гишүүдийн цомог зургийг Төрийн ордонд хүндэтгэн залах арга хэмжээ боллоо.

УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ, “Монгол Улс сүүлийн 24 жилд улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын бүхий л хүрээг шинэтгэн өөрчлөх их үйлсдээ олон том сорилтыг даван туулж, олон бодитой амжилтанд хүрч чадсан. Энэ бүхэнд байнгын ажиллагаатай парламентын оруулсан хувь нэмэр онцгой билээ. Энэхүү цомог нь Монголын парламентын түүхийн чухал толь болохын сацуу Төрийн ордны хамгийн сонирхолтой үзмэрүүдийн нэг байна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсний дараа үе үеийн парламентын дарга нар гэрэл зургийн цомгийг он дарааллын дагуу нээв. Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсан энэ түүхэн өдөр Улсын Бага Хурал, үе үеийн Улсын Их Хурлын гишүүдийн цомог гэрэл зургийг Төрийн ордны хананд хүндэтгэн залснаар Төрийн ордон, УИХ-ын үйл ажиллагаатай танилцахаар Төрийн ордонд зочлох иргэд, сонгогчдын төлөөлөл энэхүү гэрэл зургийн цомгоос үе үеийн төрийн түшээдтэйгээ танилцах боломж бүрдэв.

Связанные новости