Обама: Дэлхий нийт чухал асуудлыг Хятад эсвэл ОХУ-тай бус, АНУ-тай шийддэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-01-13 12:54:58

ВАШИНГТОН. /RIA Novosti/. Дэлхийн улс орнууд олон улсын ярвигтай асуудлуудыг Хятад эсвэл ОХУ-тай бус, АНУ-тай хэлэлцэж шийддэг гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ.

“Намайг энэ албан тушаалд сонгогдсон үетэй харьцуулахад бидний нэр хүнд илүү ихээр өссөнийг санал асуулга харуулж байна. Олон улсын чухал асуудлууд үүсэхэд хүмүүс Москва эсвэл Бээжин рүү бус, харин бидэн рүү утасддаг” гэж Обама “Улс орныхоо байдлын тухай” жил тутмын илгээлтээ мягмар гарагийн орой Конгресст тавихдаа мэдэгдсэн байна. АНУ уналтад орж байна гэх яриа дэндүү дэгсдүүлсэн хэрэг мөн гэж тэрбээр илгээлтдээ дурджээ.

Обама мөн Сирийн асуудлыг шийдэхэд АНУ бусад оронтой хамтран ажиллана гэдгийг мэдэгдсэн байна. “АНУ цаашид олон улсын чухал асуудлуудыг дангаар бус, харин эвслийн бүрэлдэхүүнд шийдэхээр төлөвлөж байна. Ийм арга зөв болох нь Ирантай тус улсын цөмийн асуудлаар гэрээ байгуулахад харагдсан бөгөөд Сирийн асуудлыг зохицуулахад ашиглах ёстой гэж тэд үзэж байна” гэж Обама мэдэгджээ. “Хэрэв шаардлагатай бол Америк орон гадаад аюул заналаас аюулгүй байдлаа бие даан хамгаалахад бэлэн, гэхдээ “олон улсын шинжтэй асуудал үүсэх үед дэлхий нийтийг бид хамтран ажиллахад дайчлахыг хичээнэ ” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.

Обамагийн үзэж буйгаар, олон улсын аюулгүй байдлыг хамгаалах системийг зөвхөн “Лалын улс” бүлэглэлийг дарсан нөхцөлд л хадгалах боломжтой. “Олон улсын терроризмыг бут цохих нь дэлхийн хоёрдугаар дайны дараа бий болгосон олон улсын аюулгүй байдлын системийг хадгалах чухал нөхцөл юм гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлээд, аюулгүй байдлыг хамгаалах орчин үеийн систем нь одоо аюулд ороод байгааг онцлон тэмдэглэжээ. Энэ системийг хадгалахын тулд хэдэн хэдэн нөхцөлийг биелүүлэх шаардлагатайг тэрбээр цохон тэмдэглэсэн байна. “Үүнд эн тэргүүнд хийх ёстой зүйл бол Америкийн ард түмнийг хамгаалах болон террорист сүлжээг бут цохих юм” гэж тэрбээр хэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч мөн тус улсын эрүүл мэндийн салбарт хорт хавдрыг ялах зорилт тавьсан байна. Түүний хэлснээр, энэ чиглэлд "үндэсний шинэ хүчин чармайлт" гаргана". Харин тэдгээрийг АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байден зохицуулна гэж Обама тайлбарлажээ. “Америкийг хорт хавдраас бүрмөсөн ангижирсан орон болгоцгооё” гэж Цагаан ордны эзэн хэлсэн байна.

Д.Жаргал

 

Связанные новости