“Монгол цэргийн урлаг” номын нээлт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-12 18:00:42

Модун шаньюйгаас маршал Чойбалсан хүртэлх Монгол цэргийн байлдааны тактикийн талаар өгүүлэх "Монгол цэргийн урлаг" номын нээлт өнөөдөр боллоо.

Энэхүү бүтээлийг цэргийн шинжлэх ухааны доктор, профессор Х.Шагдар, Батлан хамгаалахын сайд, Эдийн засгийн ухааны доктор, профессор, дипломатч Ц.Цолмон, Сурган хүмүүжүүлэх, шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш Г.Мягмаржав нар хамтран бүтээжээ.

Цэргийн эрдэмд суралцаж буй залууст Монгол цэргийн урлагийн талаар өгүүлэх бүтээл ховор. Иймээс үндэсний цэргийн урлагаа хойч үедээ сурталчилан таниулах, өвлүүлэх зорилгоор энэхүү бүтээлийг туурьвисан хэмээн Батлан хамгаалахын сайд, эдийн засгийн ухааны доктор, профессор Ц.Цолмон номын нээлтийн үеэр онцлон тэмдэглэв.

Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагч Л.Онцгойбаяр "Монгол цэргийн урлагийг Модун шаньюйгаас маршал Чойбалсан хүртэл энгийн ойлгомжтой сурах бичгийн хэлбэрээр хялбаршуулан зохиомжилжээ. Эзэн Чингис хаан түүний залгамжлагчид, жанждын дайтах, байлдах суу заль, тухайн үеийн дэлхийн цэргийн урлагийн сэтгэлгээний оргил байсныг энэ бүтээлд тодорхой харуулсан байна" хэмээлээ.

"Монгол цэргийн урлаг" номын нээлтэд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан,  БХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц, БХЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр болон Зэвсэг хүчний 016 дугаар бригадын захирагч, бригадын генерал Л.Онцгойбаяр нар оролцов.

Ч.Ариунболд

Связанные новости