Хорт хавдартай эсэхийг тодорхойлдог мэдрэгч бүтээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2016-01-12 16:11:24

ТОКИО. /TASS/. Японы мэргэжилтнүүд хорт хавдар эсвэл өөр хүнд өвчин туссан эсэхийг хүний амьсгалаар тодорхойлдог асар өндөр мэдрэмжтэй маш жижигхэн мэдрэгч бүтээж байна. Уг төсөлд Японы хэд хэдэн томоохон компани, мөн Материал судлалын үндэсний хүрээлэн болон Осакагийн их сургууль оролцож байгаа тухай тус улсын хэвлэлүүдэд мэдээлжээ.

Эрдэмтдийн бүтээж буй мэдрэгч нь өвчтэй хүн амьсгалаа гаргах үед агаарт бий болдог органикийн өвөрмөц нэгдлийг бүртгэх аж. Уг төхөөрөмжийг ухаалаг утастай хялбархан холбож болдог бөгөөд  хийсэн дүн шинжилгээнийхээ мэдээллийг өөрөө гар утсанд өгч чадна. Мэдрэгчээс хүлээж авсан бүх мэдээлэл дэлгэцэн дээр гарч ирнэ.

Эрдэмтэд төхөөрөмжийн загварыг хэдийн гаргасан байна. Гэхдээ мэдрэгчийг бүтээж дуусахад нэлээд хэдэн жил шаардагдана. Эрдэмтэд мөн чухам ямар дотор эрхтэнд нь хорт хавдар үүссэнийг тодорхойлдог болгохоор төлөвлөж байгаа аж.

Статистикийн мэдээллээр, Японд жил бүр 400 мянга орчим хүн хорт хавдраар нас бардаг байна.

Д.Жаргал

 

Связанные новости