Дорноговийн хоёр сурагч оны онцлох сурагч боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-12 15:30:45

Улиран одсон 2015 онд оюун ухаан, авьяас чадвар, хөдөл зүтгэлээрээ бусдыгаа хошуучилж улс, тив, дэлхийд амжилт гаргасан оны онцлох 15 хүүхдийн хоёр нь Дорноговь аймгаас тодорлоо. 

Голландын Бейлен хотноо 11 дүгээр сарын 01-нээс 11-нийг хүртэл  зохиогдсон зуун буудалт даамын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагч Э.Хүслэн мөнгөн медаль хүртсэн.Тэрээр наймаас арван насны охидын төрөлд 13 орны 31 өсвөрийн даамчинтай  оюун ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдөж ийнхүү дэлхийд үзүүрлэжээ. Э.Хүслэн охин  өмнө нь улс, аймгийн чанартай тэмцээнээс олон медаль хүртэж  байснаас гадна Ази тивийн хошой аварга болж байжээ.

Харин Сайншанд сумын ерөнхий боловсролын  дунд сургуулийн 10 в ангийн сурагч М.Оюунзул 2015 оны улсын баяр наадмын өсвөрийн харваанд түрүүлж “Өсөх идэр мэргэн” цол хүртсэн амжилтаараа 2015 оны өсвөрийн манлай харваач болж улсын онцлох хүүхдүүдийн нэг боллоо.

Х.Эрдэнэбулган

Связанные новости