Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, стандартыг шинэчлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-01-12 13:11:28

Засгийн газрын хуралдаанаар Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журмыг Засгийн газраас шинэчлэн баталлаа.

Журмыг хэрэгжүүлж ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит компани, төрийн өмчит үйлдвэрийн газар, хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон хууль тогтоомжийн дагуу гэрээний үндсэн дээр төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа гүйцэтгэгч нарт үүрэг болголоо.

Журмын шинэчилсэн найруулгад програм хангамжийн шинэчлэл, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах явцад гарч байгаа тулгамдсан харилцааг зохицуулах дараах гол гол өөрчлөлтүүдийг оруулжээ.

- Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээлэл оруулах хэрэглэгчийн төрөл, тэдгээрийн эрх үүргийн талаар болон тайлагналыг тодорхой болгосон хоёр бүлэг шинээр нэмж оруулсан

- Цахим хуудсанд мэдээлэл тавих болсонтой холбоотой мэдээлэл тавих стандартыг өөрчилсөн

- Нийт мэдээллийн 11 мэдээллийг холбогдох програм хангамжаас татах нөхцөлийг бүрдүүлсэн

- Төсвийн хяналт хариуцлагыг дээшлүүлэх, санхүүгийн сахилга батыг сайжруулах хяналтын модуль, статистик мэдээллийг системээс гаргах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Связанные новости