АНУ-д галт уул дэлбэрэх аюул нүүрлэж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
aminaa@montsame.mn
2016-01-08 14:07:42

МОСКВА. /Sputnik/. АНУ-д тохиож болзошгүй байгалийн гамшигт үзэгдлээс хамгийн аюултай нь Йеллоустоны үндэсний хүрээлэнгийн галт уул юм. Уг галт уул ирэх 80 жилийн дотор дэлбэрч болзошгүйг эрдэмтэд анхааруулав.

“Галт уул идэвхжих үе” эхэлж байгаа тул дэлхийн хамгийн том галт уулсын нэг Йеллоустоны галт уул ойрын 80 жилд дэлбэрэх магадлал 5-10 хувь байгааг Шинжлэх ухааны Европын сангийн мэргэжилтнүүд тогтоосон байна.

Галт уулын дэлбэрэлтийг урьдчилан таамаглах боломж бараг байхгүйг “Газар зүйн онц ноцтой үзэгдэл: Гамшгийн эрсдэлийг бууруулах, уян хатан чанарыг нэмэгдүүлэх” тухай тайландаа тус сан анхааруулжээ.

“Сүүлийн хэдэн арван жилд олон хүний амийг хөнөөж, асар их хэмжээний хохирол учруулсан гамшиг бол газар хөдлөлт. Гэсэн хэдий ч хүчтэй газар хөдлөлтөөс илүү их хохирол учруулах, дэлхийн тулгамдсан асуудлуудын нэг бол галт уулын дэлбэрэлт юм" гэж уг тайланд бичсэн байна.

Том галт уулын дэлбэрэлт нь хүний 1000 жил явуулах үйл ажиллагаа болон дэлхийн дулаарлаас илүү их хор хөнөөлтэй гэж тайланд мөн дурджээ.

Х.Аминаа

 


 

Связанные новости