Цэцийн дүгнэлтийг хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-08 11:54:11

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлтийг хэлэлцэх байсан ч хойшлууллаа.

Үндсэн хуулийн цэц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг 2015 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцжээ. Ингэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалтаар иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар оролцож байгаа этгээдийн бүх шатны шүүхэд асуудлаа шийдвэрлүүлэх боломжийг хязгаарлаж, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхийг зөрчсөн байна гэж үзжээ.

Энэхүү заалт нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … шүүхийн шийдвэрийг давж заалдах … эрхтэй. …”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;” гэснийг зөрчсөн байна гэж үзэж, 16 дугаар дүгнэлтээ гарган хуулийн дээрх заалтуудыг 2016 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

Энэ асуудалтай холбоотойгоор цэцийн гишүүнээс тодорхой хариулт авах шаардлага байсан ч Цэцийн гишүүний зүгээс тайлбар хийх боломжгүй, дэгийн хуулиараа хориотой тул ирэх долоо хоног болгон хойшлуулав. Учир нь ирэх долоо хоногт УИХ Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах аж. Уг хууль батлагдсан нөхцөлд цэцийн гишүүдээс гаргасан шийдвэрийнх нь талаар тайлбар авах боломж бүрдэх аж.

Б.Туул

Связанные новости