Интернэт орчинд хохирогч болсон 36 тохиолдол бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-01-08 11:09:02

Интернэт орчин дахь аюулгүй байдлыг хангах зорилгоор Мэдээллийн технологи, Шуудан, харилцаа холбооны газраас 2016 оныг “Мэдээллийн аюулгүй байдал, интернэтийн зохистой хэрэглээг дэмжих жил” болгон зарлажээ.

Монгол Улсад орчин цагийн мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой, Монголд интернэтийн үйлчилгээ нэвтэрсний 20 жилийн ой энэ 2016 онд тохиож байгаа юм. Интернэтийн үйлчилгээ нэвтэрснээс хойш 20 жилийн хугацаанд мэдээллийн технологи, интернэтийн ололт, давуу талыг ашиглан цаг хугацаа хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулж, чанарыг дээшлүүлэх зэрэг олон эерэг өөрчлөлтийг нийгэмд авчирсан. Интернэт хэрэглэгчдийн тоо 2010 онд 199.8 мянга байсан бол 2014 он гэхэд 1.9 сая болж, иргэдийн өдөр тутмын хэрэглээ болж, олон төрлийн үйлчилгээг интернэтээр авч хэвшээд байгаа.

Гэвч мэдээллийн салбар хурдтай хөгжиж байгаагийн хэрээр аюулгүй байдлыг хангах асуудал мөн хурцаар тавигдаж байгаа. Тухайлбал Монгол Улсад оюуны өмчийг хууль бусаар тараах, интернэт луйвар, цахим шуудангийн луйвар, бусдын нэр төрийг гутаан доромжлох, нэр хүндэд халдах, секс сүрдүүлэг, бага насны хүүхдийн садар самуун материал, зохисгүй агуулгатай мэдээлэл түгээх зэрэг төрлийн гэмт хэргүүд бүртгэгдэх болсон. 2014 онд гэхэд интернэт луйварт хохирсон 4, секс сүрдүүлэгт орсон 32 хохирогч бүртгэгдсэн байна. Мөн банк санхүү, тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч, төрийн мэдээллийн систем зэрэг онц чухал дэд бүтцэд ирэх кибер халдлага өссөөр байгаа юм.  

Эдгээр нь зөвхөн бүртгэгдсэн хор хохирлын тоо, хэмжээ бөгөөд их хэмжээний эрсдэл болон хохирол бүртгэгдээгүй, далд хэлбэртэй байх өндөр магадлалтай юм.
Иймд энэ онд мэдээллийн аюулгүй байдал, интернет орчин дахь зохистой хэрэглээг дэмжихээр ажиллаж,  иргэдийн тоон бичиг үсгийн мэдлэгийг дээшлүүлэх, үндэсний мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулах, оюуны өмчийг цахим орчинд хамгаалах, хүүхдийг цахим орчинд хамгаалах чиглэлүүдээр анхаарах болжээ.

Энэ зорилгоор тус газраас төр, бизнесийн төлөөлөл, их дээд сургуулийн багш, эрдэмтэн, ахмадуудыг оролцуулан жил бүр зохион байгуулдаг Мэдээллийн салбарын нээлттэй өдөрлөгийг энэ сарын 14-ний өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулахаар болж, энэ салбарын бүхий л төлөөллийг идэвхтэй оролцохыг уриалж байгаа юм байна.

Н.Туяа

Связанные новости