Зудын гамшиг хаяанд хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-07 17:36:53

Дахин дахин цас орсоноор Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус, Баяннуур, Булган, Дэлүүн сумдад байдал нэлээд хүндрэв.

Аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Онгараас энэ тухай толдруулахад, өмнө нь гайгүй байсан Булган, Дэлүүн сумын нутагт сүүлийн өдрүүдэд цас орсоноор аймгийн хэмжээнд онцын бэрхшээл тулгараагүй ч байдал нэлээд хүндэрлээ. Өнгөрсөн оны эцсээр түүхэндээ анх удаа хоёр сая гаруй толгой мал тоолуулан таван төрлөөр нь, өмнөх оныхоос 139 мянган толгойг нэмж өсгөсөн ч энэ олон малыг өвөл хавраас эсэн мэнд авч гарах нь эрсдэлтэй болоод байна. Булган, Баяннуурынх нийлээд мянга орчим толгой мал хорогдлоо. Хадлан бэлтгэх төлөвлөгөөг 30 хувиар давуулан биелүүлсэн, аймгийн аюулгүйн нөөцөд боломжийн хэмжээний өвс тэжээл байдгаас түүнийг хөнгөлөлттэй үнээр тарааж эхэлсэн. 2014, 2015 онд нөөцөлсөн өвс зохих үнээр нь борлуулна. Гэлээ гэхдээ нөөцлөгдсөн өвс тэжээл маань манай бэлчээрийн мал аж ахуйн нөхцөлд гурав дөрөвхөн хоног аргацаах нөөц буюу хавар туранхай мал, төлд зориулагдсан зүйл юм. Улс орны эдийн засгийн байдал хүндэвтэр өнөө үед хэрэв цас дахин дахин орсоор бэлчээр хаагдан долоо хоносон тохиолдолд гамшиг нүүрлэнэ гэсэн үг. Сумдад мал эмнэлэг, үржил хариуцсан гурав гурван хүн ажилладаг ч тэдний төсөв хумигдлаа. Өнгөрсөн жил бруцеллезын вакцин хийхэд зарцуулагдсан болон Алтай суманд шүлхийн вакцинжуулалт хийгдсэний мөнгө дээрээс ирээгүй. Ийм нөхцөлд өвөлжилт улам хүндэрлээ ч малчид өөрсдийнхөө нөөц бололцоондоо түшиглэх хэрэгтэй гэж ярилаа.

Ш.Айзаря

 

Связанные новости