Говь-Алтай аймгийн онцлох үйл явдлыг нэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-07 12:05:49

Говь-Алтай аймгийн Хэвлэл мэдээллийн байгууллагууд жил бүр аймгийнхаа онцлох үйл явдлыг нэрлэдэг уламжлалтай.  2015 оны тус аймгийн онцлох үйл явдлуудыг ийн нэрлэж байна. 

-Нарованчин Данзанлхүндэв гэгээнтний “Бат-Оршил” өргөх ёслолыг аймагтаа зохион байгуулж 10,000 гаруй хүн оролцсон нь иргэд олон нийтийн сэтгэлд хүрсэн ажил боллоо. 
-“Эрүүл ус” төслийн хүрээнд цэвэр усны үйлдвэрийг ашиглалтад оруулж улмаар жижиг савлагаатай болгосноор  иргэдийн хэрэглээг хангаж сумдад нийлүүлэх боломж бүрдэн ажлын байрууд нэмэгдлээ. Мөн стандартын шаардлага хангасан усны саваар аймгийнхаа бүх өрхийг хангаж 9 сумын ундааны усны гүний худагт ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулсныг онцолсон байна. 
-Аялал жуулчлалын салбарын чиглэлд ахиц гарч “Элсний фестиваль–2015” наадмыг зохион байгуулж 350 орчим иргэд, гадаад дотоодын аялагчид оролцсоны дээр Ээж ууланд “Ээжийн элбэрэл” аяллыг зохион байгуулж 150 орчим аялагч бясалгагчид хамрагдсан байна. Мөн тус аймагт “Мастер кросс” уралдааныг анх удаагаа зохион явуулсныг онцоллоо.  
-Хүүхэд бүрийг жигд хөгжүүлж буй бага ангийн багшийг урамшуулах ажлын хүрээнд аймгийн хэмжээний 5-р ангийн нийт 42 бүлгийн 933 сурагчаас математик, монгол хэлний хичээлээр хяналтын шалгалтыг зохион байгуулж  эхний 3 байр эзэлсэн ангийн багш нарыг нийт 12,0 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан байна. 
-Бигэр, Төгрөг, Тонхил сумдад 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг, Хөхморьт сумд 100 хүүхдийн дотуур байрыг ашиглалтанд оруулсан нь түүхэнд байгаагүй амжилт бөгөөд боловсролын салбарт оруулсан бодитой хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хэмээн онцолж байна. 
-“Засагт ханы хот айл” гэр зусланг улсад анх удаа сум бүрт шинээр байгуулж 800 гаруй хүүхдийг, “Хөгжилтэй андууд”  хүүхдийн зусланг сэргээн босгож 500 гаруй хүүхэд, амрагчдыг амрааснаар зусланд хамгийн их хөрөнгө оруулсан ”Хүүхдэд ээлтэй аймаг”-аар шалгарсныг онцлон нэрлэлээ. 
-Өнгөрөгч онд “Алтайн өдрүүд” арга хэмжээг Улаанбаатар хотноо 4 өдөр зохион байгуулж урлаг спортын арга хэмжээ, бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, “Алтай нутгийн хөгжлийн гарц” сэдэвт ЭШ-ний бага хурлыг хийж орон нутгийн хөгжлийн гарцыг ШУ-ны үүднээс тодорхойлсон нь нэгэн онцлох явдал гэж үзлээ. 
-АДБ-ийн “Алтай” чуулгын шинэ барилгыг ашиглалтанд оруулж ёслол хүндэтгэлийн өргөөтэй болсны дээр бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэн зам талбай, зогсоол олноор хийгдэж Цогт, Хөхморьт сумын сургуулиуд орчин үеийн бие засах газартай болж, 10 сумд АҮ-ний тоног төхөөрөмж нийлүүлсэн зэргийг бүтээн байгуулалтын онцлох ажлууд хэмээн нэрлэлээ. 
-Говь-Алтай аймгийн нутагт дэвсгэрт сүүлийн 70 жил болоогүй зун болж малчид өнгөрөгч онд мал сүргээ 5 төрөл дээр нь өсгөж 2,9 сая малтай боллоо. Махны чиглэлийн хонины аж ахуй байгуулж Төхөм, Тунгалагийн хос зогдорт хүрэн тэмээг үүлдэр болгон баталгаажуулсныг энэ оны онцлох нэгэн үйл явдлаар нэрлэсэн байна. 
-Гадаад харилцаанд өөрчлөлт, ахиц гарч зөвхөн Говь-Алтай аймгийн хилийн Бургастайн боомтоор БНХАУ руу мах, түүхий эд гаргах боломжтой болж хилийн ажилчдын 24 айлын орон сууцыг БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар бариулж ашиглалтанд оруулсныг онцолж байна. 
-Энэ 2015 оноос эхлэн Алтай нутгийн ард түмний амьдралын баталгааг хангах, “Алим”, “Боловсрол” хөтөлбөрүүд хэрэгжиж  эхэлснийг хамгийн ирээдүйтэй томоохон хөрөнгө оруулалт бүхий бодлого хэрэгжиж эхэллээ гэж онцолсон байна.
Ийнхүү Говь-Алтай аймгийн хэмжээнд бүтэн жилийн хугацаанд аймгийн төр засгийн байгууллагаас хийж хэрэгжүүлсэн ажлуудаас ач холбогдол үр дүнг нь харгалзан эдгээр ажлуудыг хамгийн чухал хэмээн онцлон нэрлэсэн байна.
                                                                                                         Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Связанные новости