Туркийн эргийн ойролцоо 36 дүрвэгч живжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-06 10:50:23

АНКАРА. /Anadolu/. Дүрвэгсэд сууж явсан хийлдэг завь Туркийн Эгийн тэнгисийн эргийн ойролцоо хөмөрсний улмаас 36 хүн живсэн байна гэж тус улсын эргийн хамгаалалтынхан мэдэгдэв.

Грекийн Лесбос арлыг зорьж явсан уг завь Туркийн баруун нутгийн Баликесир мужийн эргийн ойролцоо хөмөрсөн бөгөөд хохирогчдыг эрэх, аврах ажиллагааг эхлүүлсэн байна.

Ирак, Сири, Алжираас ирсэн гэж үзэж байгаа 12 дүрвэгчийг аварсан гэж Айвалык хотын захирагч Намик Кемал Назли мэдэгджээ.

Сайн сайхан амьдралын төлөө Европын баруун болон хойд нутагт хүрэх зорилготой хэдэн зуун мянган дүрвэгч Эгийн тэнгисээр амь дүйсэн аялал хийж байна. 2015 онд Эгийн тэнгист 805 хүн амиа алдсан гэж Олон улсын цагаачлалын байгууллага мэдэгджээ. Өнгөрсөн жил 847 мянга гаруй хүн тэнгисээр аялан Грект иржээ.

Өвлийн улиралд цаг агаарын байдал мууддаг учир дүрвэгсдийн аялал улам бүр аюултай болж байна.

Д.Нямтулга

 

Связанные новости