Хүүхдийн мөнгөтэй холбогдуулан Ерөнхийлөгч мэдэгдэл хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-06 10:12:10

Хүүхдийн мөнгийг ялгавартай олгож эхлэх гэж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон нийтийн сүлжээн дэх албан ёсны хаягаараа дамжуулан мэдэгдэл хийв .

Засгийн газраас 2016 онд Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулж, амжиргааны түвшнээр ялгаварлан олгохоор болсон нь нийгмийн дунд бухимдал үүсгээд байгаа. Учир нь өрхийн амьжиргааны түвшнийг 1-20 бүлэгт хувааж, 18-20 бүлэгт багтсан хэсэгт хүүхдийн мөнгө олгохгүйгээр журамласан юм. Гэвч нийгмийн дийлэнх хэсэг буюу ихэнх гэр бүл хүүхдийн мөнгө олгохгүй бүлэгт багтсан нь тэнцвэргүй хуваарилалт болж байна гэж иргэд шүүмжилж байгаа.  
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр олон нийтийн сүлжээ фэйсбүүк дэх албан ёсны хаягаараа дамжуулан нэгэн мэдэгдэл хийсэн нь олны анхааралд ороод байна. Тэрбээр "Хүүхдийн мөнгөний тухай олон хүн хандаж анхаарахыг хүссэний дагуу УИХ-ын дарга, Ерөнхий Сайдтай ярилцлаа. Хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу олгох нь зүйтэй гэж санал нэгдлээ. Зохих шийдлийг гаргах чиглэлд ажиллахаар боллоо. Хүүхдийн мөнгө бол Монголчууд олуулаа, эрүүл өсч торниход чиглэсэн Монгол Улсын бодлого юм”  хэмээн нийтэлсэн юм. Тиймээс энэ мэдэгдлийн дагуу ямар нэг шийдвэр гарах эсэх талаар нийгэмд хүлээлт үүсээд байна. 

Н.Туяа

 

Связанные новости