Умард Солонгос: Цөмийн зэвсэг бүтээх эрхтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2016-01-06 09:03:13

СӨҮЛ. /Yonhap/. Вашингтоны дайсагнасан бодлого Пхеньяныг цөмийн тогтоон барих хүчээ бэхжүүлэхэд хүргэсэн бөгөөд тус улс цөмийн зэвсгийн хөтөлбөр хэрэгжүүлэх зүй ёсны эрхтэй гэж Умард Солонгос мэдэгджээ.

“АНУ-ын цөмийн сүрдүүлгээс хамгаалахын тулд бид “бёнжин” бодлогоо хэлбэрэлтгүй бэхжүүлэх, цөмийн зэвсэг эзэмших эрхтэй” гэж “KCNA” агентлаг мэдээлэхдээ улс нь цөмийн зэвсэг, эдийн засгаа нэгэн зэрэг хөгжүүлэхийг эрмэлздэгийг дурдсан байна.

Умард Солонгос цөмийн зэвсгээр хөөцөлдсөн нь Вашингтоны цөмийн сүрдүүлгээс улбаатай гэж тус агентлаг дурджээ.

Шинэ оныг тохиолдуулан үг хэлэхдээ Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун тус улсын цөмийн зэвсгийн асуудлыг хөндөөгүй юм.

Тус улс 2006, 2009, 2013 онд цөмийн туршилт хийсэн билээ.

Нэгдүгээр сарын 1-нд үг хэлэх үеэрээ цөмийн зэвсгийнхээ талаар Ким дурдаагүй нь Умард Солонгосын “бёнжин” бодлогод өөрчлөлт орсон гэсэн үг биш гэж судлаачид үзэж байна.

Х.Аминаа

 

Связанные новости