Улсын нөөцийн салбар 80 гаруй тонн өвсийг малчдад үнэгүй өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-05 21:35:24

Өнгөрөгч сард Монгол Улсын Засгийн газрын  480 дугаар тогтоолоор улсын нөөцийн салбар цэгүүдэд 2011- 2013 онд бэлтгэн нөөцөлсөн өвсийг малчдад үнэгүй олгох шийдвэр гаргасан. Энэ тогтоолын дагуу Дундговь аймаг дахь улсын нөөцийн салбарт хадгалагдаж байгаа 80 гаруй тонн өвсийг малчдад үнэгүй олгохоор болж өвсийг сумдад хуваарилаад байна.

Дундговь аймгийн хувьд Адаацаг, Баянжаргалан Говь- Угтаал, Гурвансайхан сум зудтай, Хулд, Луус, Сайнцагаан Дэлгэрцогт, Дэрэн,Цагаандэлгэр,Өндөршил, Өлзийт, Эрдэнэдалай сум зудархуу байгаа бол Сайхан- Овоо, Дэлгэрхангай сум өвөлжилт өнтэйд тооцогдож байгаа юм.

Зудтай болон зудархуу өвөлжиж байгаа 13 суманд өвс, тэжээлийн хүрэлцээ муутай 3126 өрх бий,  эдгээр өрхөд 232 тонн өвс, 119 тонн тэжээл шаардлагатай гэсэн судалгааг Улсын нөөцийн салбар гаргасан байна.

Шаардлагатай энэ хэмжээний өвсний 80 гаруй тонныг ийнхүү Засгийн газрын тогтоолоор үнэгүй олгох ажээ.

Үнэгүй олгох өвсийг авахдаа малчид тухайн сумын малчин мөн болохыг тодорхойлсон сум, багийн Засаг даргын тодорхойлолт, хэдэн боодол өвс авах тухай зөвшөөрлийн бичгийн хамт авчрах юм байна.

Дундговь Т. Отгонтуяа

 

Связанные новости