Хөдөө аж ахуйн бирж 431.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-05 16:55:49

Хөдөө Аж Ахуйн бирж (ХААБ) 2015 онд 179 удаагийн арилжаа зохион байгуулж, 431.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ.

Өнгөрсөн онд зохион байгуулсан арилжааны тоо, хэмжээ 2014 оныхтой адил түвшинд байгаа ч нийт үнийн дүн өмнөх жилийн мөн үеэс 22 хувиар буурсан байна. Үүнд биржийн арилжааны 90 гаруй хувийг эзэлдэг ноолуурын дундаж үнэ 30 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн талаар ХААБ-ээс мэдээллээ.

Өнгөрсөн онд тус бирж  6877 тонн ноолуурыг 383.7 тэрбум төгрөгөөр арилжаалжээ. Мөн 1576 тонн хүнсний буудайг 872 сая төгрөгөөр, 10.1 мянган тонн хонины ноос 17.8 тэрбум төгрөгөөр, 1.4 мянган тонн ямааны завод ноосыг 25.9 тэрбум төгрөгөөр арилжсан байна.

Ч.Ариунболд

Связанные новости