Ж.Батмөнх агсны тухай кино эвлүүлгийн шатандаа байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ“Хүмүүн фильм” студийн бүтээл “Бүү март” хэмээх баримтат уран сайхны кино ирэх гуравдугаар сарын 1 буюу “Намын баяр”-аар үзэгчдэд хүрнэ.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга агсан Жамбын Батмөнхийн амьдрал, үйлсийн тухай өгүүлэх уг киноны найруулагчаар А.Мөнхсүх ажиллаж буй юм. Төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Батмөнхийн дүрийг Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын жүжигчин Н.Төмөрбат бүтээсэн бөгөөд зураг авалт 80-90 хувьтай байхад тэрээр өвчнөөр нас барсны улмаас ажил хэсэг зуур саатжээ. Гэсэн ч киноны багийнхан ажлаа үргэлжлүүлэн өдгөө эвлүүлэг хийж байгаа аж.
Энэхүү кинонд Монголын нийгэмд 1980-1990 онд өрнөж өнгөрсөн үйл явдлуудын талаар харуулах юм. Үлдсэн зураг авалтыг хийхийн тулд Ж.Батмөнх агсны хамаатан н.Энхбаатар гэдэг залууг талийгаач жүжигчинтэй адилхан болгон хувиргаж тоглуулжээ.
Ж.Болор