Умард Солонгосоос дүрвэгчдийн тоо хоёр дахин буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-04 14:15:36

СӨҮЛ. /TASS/. Дөрвөн жилийн өмнө Ким Жөн Ун Умард Солонгосын удирдагч болсны дараа тус улсаас Өмнөд Солонгос руу дүрвэн гарагчдын тоо хоёр дахин буурчээ. Ийм мэдээллийг Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам өгсөн байна.

Тус яамнаас мэдээлснээр, 2015 онд 1277 хүн Хятад болон бусад орноор дамжин Өмнөд Солонгос руу дүрвэсэн нь 2706 хүн дүрвэж байсан 2011 оны үзүүлэлтээс 52.8 хувиар буурсан тоо аж.

Ким Жөн Уныг төрийн эрхэнд гарснаас хойш тус улсаас дүрвэгчдийн тоо жил бүр буурсныг Өмнөд Солонгосын яам онцлон тэмдэглэжээ. Өмнөд Солонгост нийтдээ Умард Солонгосоос дүрвэн ирж, тус улсад амьдрахаар үлдсэн 26 мянга орчим хүн байдаг байна. Социологийн судалгааны мэдээллээс үзвэл, дүрвэгсдийн дийлэнх нь Өмнөд Солонгост түгшүүртэй байдаг бөгөөд ихэвчлэн янз бүрийн хэлбэрээр ялгаварлан гадуурхагдаж, хамт олныхоо доог тохуу болдог аж. Үүнтэй холбоотойгоор тэднийг нийгэмшүүлэх, дасан зохицоход нь илүү их хүчин чармайлт гаргахыг хүний эрхийг хамгаалагчид Өмнөд Солонгосын эрх баригчдад уриалжээ.

Д.Жаргал

 

Связанные новости