БНАСАУ-тай хэлэлцээ хийхээр хараахан төлөвлөөгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-04 13:46:02

СӨҮЛ. /Yonhap/.  Солонгос хоорондын харилцааг сайжруулахыг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун уриалсанд Өмнөд Солонгос анхаарлаа хандуулсан ч 2016 онд Пхеньянтай хэлэлцээ хийх тодорхой санаачилгыг одоогоор хэлэлцээгүй байна. Энэ тухай Өмнөд Солонгосын Үндэстнээ нэгтгэх хэрэг эрхэлсэн яамны албан ёсны төлөөлөгч Чон Жун Хи Сөүлд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Шинэ онд Умард Солонгостой яриа хэлцээ эхлүүлэх төлөвлөгөө Сөүлийн эрх баригчдад байгаа эсэх тухай асуултад тэрбээр хариулахдаа, “энэ асуудлыг одоогоор хэлэлцээгүй байна” гэсэн байна.

Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулах замыг нээх нь чухал болохыг, мөн яриа хэлцээ хийхэд бэлэн байгаагаа Ким Жөн Ун нэгдүгээр сарын 1-нд Умард Солонгосын ард түмэнд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэхдээ  мэдэгджээ.

Энэ саналд Сөүл “анхаарлаа хандуулсан” бөгөөд харилцан итгэлцлийг бий болгон улс орноо тайван замаар дахин нэгтгэх суурийг тавихад хамтын хүчин чармайлт гаргахыг Пхеньянаас хүлээж байна гэж Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны төлөөлөгч хэлсэн байна. 

Хэд хэдэн зэвсэгт будлианы улмаас сүүлийн таван жилд мухардмал байдалд орсон байсан харилцаагаа сайжруулах тухай хэлэлцээг хоёр Солонгосын эрх баригчид 2015 онд сэргээсэн билээ. Өмнөд болон Умард Солонгосын орлогч сайд нарын түвшинд ердөө ганцхан удаа хэлэлцээ хийсэн боловч ямар ч үр дүнд хүрээгүй юм.

Д.Жаргал

 

Связанные новости