Этиоп дахь Америкийн нисгэгчгүй онгоцны баазыг хаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-04 13:20:25

АДДИС-АБЕБА. /BBC/. Этиоп улс дахь нисгэгчгүй онгоцуудынхаа баазыг хаасан тухай АНУ-ын эрх баригчид мэдээлсэн байна. Тус улс дахь Америкийн Элчин сайдын яамны мэдэгдэлд дурдсанаар, нийслэл Аддис-Абеба хотоос 400 орчим км-ын зайтай газар оршдог Арба-Мынч хот дахь уг объектыг ашиглах шаардлагагүй болжээ.

Дээрх баазын тухай Этиопын хэвлэлүүд 2011 онд мэдээлж байсан боловч АНУ дөнгөж одоо л ийм бааз байдгийг нотолж байгаа юм.

Аюулгүй байдлын шинжээчдийн хэлснээр, уг баазыг Сомалийн лалын шашинтнуудад цохилт өгөхөд ашиглаж байжээ. Этиоп нь Зүүн Африк дахь АНУ-ын холбоотон улс юм. Этиопын хэдэн зуун цэрэг Сомалид лалын шашинтнуудын “Аш-Шабаб” бүлэглэлтэй тэмцэх цэргийн ажиллагаанд оролцжээ.

Америкийн цэргийн томоохон бааз хөрш Жибути улсад байрладаг бөгөөд эндээс мөн нисгэгчгүй аппаратаар босогчдод цохилт өгдөг байна.

Нисгэгчгүй аппарат ашиглан явуулж буй АНУ-ын цэргийн ажиллагаа үр дүнгүй болж байгаа тухай дурдсан нууц баримт бичгүүдийг урьд нь интернэтэд нийтэлжээ.

Уг баримт бичгүүдэд Афганистан, Йемен болон Сомалид АНУ-ын нисгэгчгүй онгоцуудаар цохилт өгөх үед хэчнээн энгийн иргэн амиа алдсан тухай статистик мэдээлэл байгаа аж.

Д.Жаргал

 

Связанные новости