Хүүхдийн тоглоомын талбайгаас далайн дээрэмчний араг яс олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
jargal@montsame.mn
2016-01-04 12:59:59

МОСКВА. /RIA Novosti/. Их Британийн Эдинбург хотын хуучны бага сургуулийн хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэн засах үед ажилчид хүний араг яс олжээ. Эрүүгийн хувилбарыг үгүйсгэсний дараа уг газарт археологичид ирсэн байна.  Радиокорбаны шинжилгээ хийсний дараа эрдэмтэд олдсон араг яс дор хаяж таван зуун жилийн настай болохыг тогтоожээ.

Түүхчдийн мэдээллээр, 600 жилийн өмнө энд хөлөг онгоцны засварын газрын хажууд цаазын дүүжлүүр байсан тухай “The Telegraph” сонинд мэдээлсэн байна. Дээрх араг яс нь далайн дээрэм хийснийхээ төлөө дүүжлүүлсэн хүнийх байж магадгүй гэдэг таамгийг эрдэмтэд дэвшүүлжээ.

Ясны байдлаас нь үзэхэд ойролцоогоор 50 настай байсан азгүй эрийг цаазалсны дараа бусад дээрэмчдэд сургамж болгож дүүжилсэн гэж  археологичид үзэж байгаа аж.

Зураач шинжээчид алуулсан хүний төрхийг гаргаж чадсан бол археологичид хүүхдүүдэд тусгай хичээл орохоор шийджээ. Энэ хичээлээр сурагчид араг ясыг судлахад шинжлэх ухаан хэрхэн тус болсныг мэдэх аж.

Д.Жаргал

 

Связанные новости