“Мэдээллийн цаг”-т өвлийн өвгөн цасан охидтойгоо зочлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-29 21:30:15

Дархан-Уул аймагт долоо хоног бүрийн баасан гарагт аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албадууд “Мэдээллийн цаг”-аар дамжуулж иргэдээс төрөл бүрийн мэдээллийг тамгын газрынхаа нийт албан хаагчдад хүргэдэг. Энэ удаа аймгийн Цэргийн штабаас шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулж уг баярын тухай сонирхолтой мэдээллийг хүргэлээ.

Энэ үеэр өвлийн өвгөн, цасан охидын хамт хүрэлцэн ирж ая дуу өргөн, хэлтэс албадуудад шинэ жилийн  бэлэг гардуулж аймгийн ЗДТГ-ын хамт олонд ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүслээ. Аймгийн Цэргийн Штабын офицер н.Цэрэн:-“Манай штаб энэ удаагийн “Мэдээллийн цаг”-ийг хуваарын дагуу хариуцах үүрэг оногдсон. Тэгээд шинэ жил болох гэж байгаатай холбогдуулж ийм нэгэн ажлыг сэдэж зохион байгуулж явууллаа. Дашрамд дурьдахад анх шинэ жилийн баярыг гуравдугаар сарын нэгэнд тэмдэглэдэг байжээ. Эртний Ромын цаг тооны бичигт жилийг арван сард л хуваан, гуравдугаар сарын 1-нийг шинэ жилийн эхний өдөр гэж тооцдог байснаас үүдэлтэй гэж үздэг. Харин МЭӨ 713 оноос хуанлид нэг, хоёрдугаар сар нэмэгдэж үүнээс 600 жилийн дараа шинэ оныг өнөөгийн тооллоор тоолж нэгдүгээр сарын 1-ээс болгосон. Дэлхийн бүхий л улс үндэстнээс хамгийн анх Австралид шинэ жилийг баяр болгон тэмдэглэсэн байдаг. Тэд өнгөрсөн оны төгсгөл, шинэ оны эхний өдрийг баяр хэмээн тэмдэглэж он солигдох торгон агшинд улс даяараа секунд тоолж шинэ он гармагц ёслолын буудлага хийдэг байжээ. Чухам үүнээс бусад орон санаа авч, тэмдэглэж эхэлсэн гэдэг. Харин шинэ жилийн баяр Азид хамгийн сүүлд дэлгэрсэн юм байна. Гэхдээ барууны орнуудын хувьд Зул сарын баярыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг бол манай улсад католик шашин тийм ч өргөн дэлгэрээгүй учраас 12 дугаар сарын 31-нд шинэ жилээ угтахаар өргөн дэлгэр баярлан тэмдэглэдэг. Манайх энэ удаагийн “Мэдээллийн цаг”-ийг хариуцахдаа арай шинэлэг хэлбэрээр хийхийн тулд цаг үетэй нь уялдуулж ийм ажил зохион байгуулсан маань оролцогчдын сэтгэлд нийцлээ” гэв.

                                               Б.Норовсамбуу

Связанные новости