АТГ оны ажлаараа тэргүүлсэн ажилтнуудаа шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-28 10:33:17

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид 2015 онд хийсэн ажлаа өнөөдөр дүгнэн хэлэлцлээ.

Авлигатай тэмцэх газар 2015 онд авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, мэдээлэх, хянан шалгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиглэлээр авлигын эсрэг хууль тогтоомжид заасан чиг үүргээ хангалттай түвшинд хэрэгжүүлж ажилласан талаар тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням мэдээллээ. 

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр болсон тайлангийн хуралд Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөр “Ирэх онд эрүүл мэндийн салбарт авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү явуулах шаардлагатай. Та бид улс орон, ард иргэдийн өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай гүйцэтгэхэд анхаарч ажиллая. Хэдийгээр хүндрэлтэй нөхцөл байдал байгаа ч албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр 2016 онд улам үр бүтээлтэй ажиллах болно” гэсэн бол Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир “Хяналт шалгалтын чиглэлээр манай ажилтнууд тун ачаалалтай ажилласан. Цаашид бид цахим гарын үсгийн системийг нэвтрүүлэх, төрийн албан хаагчдын амьдралын хэв маягийг судлах, нуугдмал хөрөнгийг илрүүлэх чиглэлээр анхаарч ажиллах болно” гэлээ. Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Д.Дуламсүрэн мэдлэг, боловсролоо улам бүр дээшлүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд уншиж, ажил албандаа бүтээлчээр ашиглахыг байгууллагын албан хаагчдад зөвлөв. 

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд “2015 он амаргүй жил байлаа. Ирэх он биднийг улам ч их сорино. Албан хаагчид дор бүрнээ санаачилгатай, эрч хүчтэй, үр бүтээлтэй ажиллах шаардлагатай. Манай улсад авлигын нөхцөл байдал хүнд хэвээрээ байна. Гэхдээ энэ нь бид алдаа гаргасан юм уу, эсвэл ажиллахгүй байгаа гэсэн үг биш. Улс төрийн нөхцөл байдал, төрийн албаны томилгоо зэрэг асуудал нөлөөлж байгаа. Ирэх онд төсвийн хэмнэлттэй горимын дагуу ажил албаа илүү хэмнэлттэй, үр дүнтэй, мэдээллийн технологийг түлхүү ашиглаж гүйцэтгэхэд албан хаагч бүр анхаарч ажиллах ёстой” гэж хэлэв. 

Тайлангийн хурлын дараа  2015 онд бусдыгаа манлайлан ажилласан Б.Бат-Олзвой, О.Амарзаяа, Г.Жамц, Э.Батбаяр, Г.Ганбаатар, Ч.Жаргалбаатар, Б.Бат-Отгон, Б.Тэрбиш нарын албан хаагчдыг Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар шагнаж урамшуулжээ.

Ж.Батсайхан

Связанные новости