АНУ-ын Техаст болсон хар салхины үеэр 8 хүн үрэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
aminaa@montsame.mn
2015-12-28 09:39:38

ХЬЮСТОН. /Xinhua/. АНУ-ын өмнөд нутгийн Техас муж улсын умард нутгийг хар салхи дайрах үеэр 8 хүн амиа алдаж, эд материалын маш их хохирол учирчээ.

Техасын умард нутгийн Даллас хотод болсон аянга цахилгаантай ширүүн бороо, ховор болдог өвлийн хар салхины үеэр уртаараа 64 орчим км газар нутагт хохирол учирсан байна. Байгалийн гамшигт өртсөн газарт тээврийн хэрэгслүүд хөмөрч, сүмүүд нурж, мод үндсээрээ булгаран унаж, хотын зах эвдэрхий хогоор дүүрсэн байна.

Хар салхины улмаас Техас муж улсын умард нутагт 50 мянга орчим хүн гэрэл цахилгаангүй байгаа бөгөөд эрчим хүчийг хэзээ сэргээх нь тодорхойгүй байна.

Цасан шуурганы улмаас температур буурч Техас муж улсын өрнөд хэсэг болон Шинэ-Мексик муж улсын дийлэнх нутгийг 40 см зузаан цас дарахыг тус улсын Үндэсний цаг уурын алба ням гарагийн орой анхааруулжээ.

Х.Аминаа

 

Связанные новости