200 мянган курд Туркээс зугтан гарч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-24 12:27:40

МОСКВА. /Sputnik/. Тун удалгүй Европыг дүрвэгчдийн шинэ давалгаа нөмөрч болзошгүй байна. Туркийн өмнөд нутагт болж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас тус бүс нутгаас 200 мянга орчим курд зугтан гарч байгааг Германы “Deutsche Wirtschafts Nachrichten” сонин мэдээлэв.

Туркийн тусгай хүчин, Курдистаны ажилчдын намын хооронд ноцтой мөргөлдөөн болсны дараа бүс нутгийн байдал дорджээ. 10 дугаар сарын дундуур Туркийн нийслэл Анкара хотод болсон курдын тайван жагсаалын үеэр тэсрэх бөмбөгтэй халдлага болж, 100 орчим хүн амиа алдсан юм.

Туркийн өмнөд нутгийн хүмүүс дайн болж байна гэж үзэж байгаа бөгөөд маш олон хүн хохирч буй тухай хэвлэлд мэдээлжээ. Орон нутагт ус тасарч, цахилгааны трансформатор дэлбэрсэн тухай оршин суугчдын нэг нь Туркийн “Today's Zaman” сонинд хэлсэн байна.

“Миний 7 хүүхэд сургуульдаа явж чадахгүй байгаа. Ердийн нөхцөлд бие засах газарт хэрэглэдэг усаа бид уух шаардлагатай болсон” гэж нэгэн эмэгтэй хэлжээ.

Талх худалдаж авахаар явсан 11 настай охин нь буудуулсан тухай нэгэн оршин суугч “Today's Zaman” сонины сэтгүүлчид ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Айсан хүмүүс гудамжинд гарахгүй байгаагийн улмаас охинд 15 минутын дараа тусламж очсон аж. Харамсалтай нь охинд туслахад хэт оройтсон байжээ.

Х.Аминаа

 

Связанные новости