Оросын ОБЯ-ны 48 дахь цуваа Донбассыг зорив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-24 11:32:00

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Онцгой байдлын яам /ОБЯ/ хүмүүнлэгийн тусламж, мөн шинэ жилийн бэлэг хүргэх автомашины 48 дахь цуваагаа Донбасст илгээсэн тухай тус яамны хэвлэлийн алба мэдээлжээ.

“Донецк, Луганск мужийн оршин суугчдад 1000 гаруй тонн хүмүүнлэгийн тусламж хүргэх автомашины цуваа Оросын ОБЯ-ны Донской аврах төвөөс Орос-Украины хилийн зүг Москвагийн цагаар өглөөний 4.00 цагт хөдөллөө” гэж тус яамны хэвлэлийн албаны төлөөлөгч хэлсэн байна.

Хүмүүнлэгийн цуваа тус хоёр бүс нутагт хоол хүнс, эн түрүүнд шаардлагатай эд зүйлс, эм хэрэгсэл, уран зохиолын ном зэрэг урьд нь хүргэж байсан тусламжийн барааг төдийгүй хүүхдүүдэд, өндөр настнуудад шинэ жилийн бэлэг хүргэнэ.

“Хүмүүнлэгийн тусламж, шинэ жилийн бэлгүүдийг Оросын 40 бүс нутгийн олон нийтийн байгууллага болон үйлдвэрчний эвлэлүүдээс ирсэн тусламжаар бүрдүүлсэн” гэж Оросын ОБЯ мэдээлжээ.

Энэ удаагийн цувааг бүрдүүлэхэд долоо хоног хүрэхгүй хугацаа зарцуулсан байна. Оросын ОБЯ өнгөрсөн оны наймдугаар сараас хойш 57 мянга гаруй тонн хүмүүнлэгийн тусламжийг Донбасст хүргэжээ.

Д.Жаргал

 

Связанные новости