“Шударга ёс” эвслийн бүлгийн өргөн барьсан хуулийг тусад нь хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-12-24 10:50:33

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн 10 гишүүний өргөн барьсан УИХ-ын сонгуулийн тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тусад нь хэлэлцэхээр болов. 

УИХ-ын даргын захирамжаар сонгуультай холбоотой өргөн барьсан гурван хуулийг нэгтгэн, нэг хуулийн төсөл болгох үүрэгтэй ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдаж Р.Бурмаа нарын өргөн барьсан Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд суурилан бусад хоёр хуулийг нь нэгтгэж бэлтгэснээ өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлсэн. Харин энэ үеэр “Шударга ёс” эвслийн гишүүдийн өргөн барьсан хуулийн төслөөс Нэгдсэн төсөлд огт тусгаагүй, орхигдуулсан байгааг шүүмжилж багагүй маргаан дэгдээсэн. Тус бүлгээс сонгуулийн тогтолцоог 38х38 буюу 76 гишүүний 38 нь тойргоос, 38 нь улсын хэмжээнд нэр дэвшин сонгогдох, ингэхдээ намд бус нэр дэвшигчид санал өгөх ёстой гэсэн өөрчлөлтийг хуулийн төсөлдөө оруулсан байсан юм. Мөн саналын хуудсыг автомат машинаар тоолохоос гадна гараар давхар тоолох ёстой гэж үзсэн.
Харин энэ хуулийн төслийн гол зарчмууд сонгуулийн нэгтгэсэн хуулийн төсөлд тусгагдаагүй, улс төрийн намуудын зөвшилцөл бүрэн хийгээгүй гэж эвслийн гишүүд эсэргүүцэж, энэ асуудлаар завсарлага авсан ч болно гэсэн байр суурь хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл “улс төрийн намууд зөвшилцсөн” гэж байгаа ч МАХН-МҮАН-ын гишүүдтэй огт уулзаагүй, зөвшилцөлдөө оролцуулаагүй учраас үүнийг ойлголцолд хүрсэн гэж үзэж болохгүй гэцгээж байв. 
Тиймээс эвслийн бүлэг өргөн барьсан хуулийн төслөө Нэгдсэн хуулийн төслөөс тусад нь хэлэлцэхээр санал гаргаж, гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Гэхдээ уг хуулийн төслийг шууд хэлэлцэх бэлтгэл хангагдаагүй тул ажлын хэсэг ажиллах шаардлагатай гэж үзээд байна. 

Н.Туяа

 

Связанные новости